Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт 37,9 км хатуу хучилттай зам тавьж байна
2022-06-07 12:44:15, 593

Хөвсгөл аймагт Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх” төслийн хүрээнд Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт барих Хатгал-Жанхай Тойлогт чиглэлийн 32.4 км, Хатгал-Хүзүүвчийн шил Ашихай чиглэлийн 5.5 км, нийт 37.9 км хатуу хучилттай авто зам барих ажил энэ оны 4 дүгээр сараас эхэлсэн. Өнөөдрийн байдлаар авто замын барилгын ажил 10 гаруй хувьтай байна.

Төслийн хүрээнд нийт 37.9 км авто зам болон Хатгал тосгонд 7, Ханх суманд 1, нийт 8 байршилд 49 автобус, 645 автомашин зогсох хүчин чадал бүхий авто зогсоолын ажлуудыг 2024 он хүртэл хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Аялал жуулчны улирал эхэлсэнтэй холбогдуулан Хөвсгөл нуурыг зорих дотоод, гадаадын жуулчдын урсгал нэмэгдэх тул жуулчдын хөдөлгөөнийг хязгаарлахгүй байх зорилгоор авто зам барих ажлын нарийвчилсан график төлөвлөгөөний дагуу түр замыг ашиглалтад оруулах байдлаар замын хөдөлгөөний зорчих хэсгээр автомашин, тээврийн хэрэгслийг саадгүй нэвтрүүлэх зохион байгуулалтын арга хэмжээг авчээ.

Энэ оны хувьд Хатгал-Хүзүүвчийн шилАшихай чиглэлийн 5.5 км болон Хатгал-Жанхай Тойлогт чиглэлд шинээр тавих 2 км, нийт 7.5 км авто замыг ашиглалтад оруулах ба 2023 онд авто замыг бүрэн ашиглалтад оруулж зорчих хэсгийг нээх төлөвлөгөөтэй байгаа юм.  

Тус авто замын барилгын ажилд хээрийн лаборатори 1, геодезийн баг 3, инженер техникийн ажилтан 20, нийт 80 орчим хүний бүрэлдэхүүнтэй, 50 гаруй машин механизмтайгаар төлөвлөгөөт хуваарийн дагуу ажиллаж байгаа ажээ.

Б.Ганаа

 



Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт 37,9 км хатуу хучилттай зам тавьж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0