Хөвсгөл аймаг БНСУ-ын Дежон хотын Со дүүрэгтэй найрамдалт харилцаа тогтоосны 10 жилийн ой тохиож байна. Ойн үйл ажиллагааг цар тахлын нөхцөл байдлын улмаас цахимаар зохион байгуулж байна.Тус аймаг, БНСУ-ын Дежон хотын Со дүүрэгтэй найрамдалт харилцааг 2011 оны 7 дугаар сарын 11-нд тогтоосон бөгөөд энэ жил 10 жилийн ойтой золгож байна.
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Хөвсгөл аймаг, Дежон хотын Со дүүрэгтэй эрүүл мэнд, боловсрол, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллаж, хоёр талын түүх, соёл урлаг, эрүүл мэнд, боловсролын салбарт харилцан туршлага солилцон бие биенээ дэмжиж харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр ирсэн юм. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын баг хамт олон тус дүүрэгт зохион байгуулдаг HEALING ART урлагийн их наадамд амжилттай оролцож, эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүд тус дүүргийн эрүүл мэндийн салбарт туршлага судалсан байна.
Мөн сүүлийн жилүүдэд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хоёр талын хамтын ажиллагаанд хүндрэл тулгарч байгаа хэдий ч 2021 онд сурагч солилцоо хөтөлбөрөө цахим хэлбэрээр үргэлжлүүлэн зохион байгуулж, Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад солонгос хэлний анхан шатны сургалтыг хоёр ээлжээр 40 орчим сурагчийг хамруулжээ.Цаашид эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, боловсролын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллахаар санал солилцлоо.
Ойн үйл ажиллагаанд БНСУ-ын Дежон хотын Со дүүргийн ИТХ-ын дарга Ли Сонг Ёонг, Засаг дарга Жан Жун Тэ болон Стратеги төлөвлөлтийн багийн хамт олон, Хөвсгөл аймгаас ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг, аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан болон Хөгжимт драмын театрын уран бүтээлчид оролцож, монгол ахуй соёлыг илэрхийлсэн уран бүтээлийн дээжээс толилуулж баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Б.Ганаа
Найрамдалт харилцаа тогтоосны 10 жилийн ойг цахимаар тэмдэглэв |
|
Сэтгэгдэл бичих