Хөвсгөл аймагт ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа Б.Баасансүрэнгээр ахлуулсан шуурхай ажлын хэсэг өнөөдөр ажиллаа. Энэ үеэр аймгийн Онцгой комиссын 10-р хуралдаан болж орон нутагт тулгамдаж буй асуудлын талаар ажлын хэсэгт танилцууллаа. Аймгийн Онцгой комиссын дэд дарга М.Хуягбаатар Рэнчинлхүмбэ суманд үүссэн шар усны үер цаг агаар дулаарч байгаан улмаас хайлж тэлж цаашид олон өрх эрсдэлд орох аюултай байна. Мөн газар хөдлөлтийн улмаас Ханх сумын цэцэрлэг, сургуулийн барилгад ан цав гарч цууралт үүссэн, хүн эмнэлэг нь маш хүйтэн учраас эмчилгээ хийх боломжгүй хүнд байдалд байна. Эдгээр асуудлуудыг Улсын Онцгой комисст уламжилж яаралтай шийдвэрлүүлж өгөхийг хүсэж байлаа.
ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, хурандаа Б.Баасансүрэн “Аймаг орон нутагт тулгамдаж буй асуудлуудтай танилцлаа. Улсын Онцгой комисст хүсэлтийг хүргүүлнэ. Хөвсгөл аймагт сүүлийн үед олон удаагийн давтамжтай газар хөдлөлт болж байна. Цаашид төрийн байгууллага нь өөрсдөөсөө эхлээд бэлтгэл бэлэн байдлыг хангах хэрэгтэй. Ямар нэгэн гамшиг болсон үед иргэн бүр, мэдлэг, мэдээлэлтэй байх нь чухал. Иймээс иргэдээ чадваржуул, шаардлагатай үеийн нөөцийг бэлд” гэдгийг анхааруулж байлаа.
Б.Ганаа
Рэнчинлхүмбэ суманд үүссэн шар усны үерийн улмаас олон айл эрсдэлд орж болзошгүй байна |