Газар хөдлөлтийн улмаас 10 сая гаруй төгрөгийн хохирол учирчээ
2021-01-19 18:51:01, 675
Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга, гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга Г.Мөнгөнхуягаар ахлуулсан ажлын баг Ханх суманд ажиллаад ирлээ. Ажлын баг газар хөдлөлтийн голомт болсон Ханх сумын Хороо багийн Хороо, Тураг багийн Ходон, Чичин, Хачим гэдэг газарт очиж 5 айл өрх,  ерөнхий боловсролын сургуулийн 320 хүүхдийн хичээлийн байр, 150 хүүхдийн дотуур байр, Засаг даргын Тамгын газрын байр, Цэцэрлэг, Соёлын төв, Гаалийн хорооны боомтын байр, гаалийн 8 айлын орон сууц, сумын Цагдаагийн хэсэг, ХААН, Төрийн банк зэрэг байгууллагын 11 объектод орж нөхцөл байдалтай танилцлаа.
 
Энэ үеэр Ханх сумын 35 айл өрх, Засаг даргын Тамгын газар зэрэгт нийт 10.354.600 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон байна.
 
Ханх сумын Хороо багийн  Ходон гэдэг газар 6.5 магнитудын газар хөдлөлт болж газрын өнгөн хөрсөнд цууралт үүсжээ. Газар хөдлөлтийн ойролцоо өвөлжиж байсан 2  айлын өвөлжөөний хашааны дээвэр нурсан, 1 айлын хашааны доороос ус гарч малын хэвтэргүй болсон, 2 айлын модон байшин газар хөдлөлийн чичиргээнд хөдөлж, хана нь гажсан байна. Мөн Ханх сумын сургуулийн хичээлийн байр, дотуур байр, хүүхдийн цэцэрлэг, Засаг даргын Тамгын газрын барилгын дотор өрөө тасалгааны хананд ан цав ихээр гарсан, каркасын дүүргэгч хана, багана, дам нурууны уулзварын хэсгээр ан цав гарсан аж.
Б.Туяа 


Газар хөдлөлтийн улмаас 10 сая гаруй төгрөгийн хохирол учирчээ