Хөвсгөл аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийг боловсруулж өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуягт өргөн барилаа. “Үндсэн чиглэлийн төслийг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд заасан бодлого төлөвлөлтөд баримтлах зарчим, тавигдах шаардлага, оролцогчдын оролцоог ханган Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас ирүүлсэн чиглэлийн хүрээнд боловсруулсан. Иргэн аж ахуй нэгж, төрийн болон төрийн бус байгууллагуудын саналыг цахим, тусгай дугаарын утас, албан бичиг, биечлэн зэрэг хэлбэрээр авч мэдээллийг цуглуулан дүн шинжилгээ хийн холбогдох саналыг тусгалаа.
Хөвсгөл аймгийн хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд хүний хөгжил, амьдралын чанар, дундаж давхарга, эдийн засаг, засаглал, ногоон хөгжил, амар тайван аюулгүй нийгэм,бүс орон нутгийн хөгжил, үндэсний нэгдмэл үнэт зүйл гэсэн 8 бүлгийн хүрээнд бодлогын зорилго, зорилт, хүрэх үр дүн шалгуур үзүүлэлт, зорилтод түвшин тодорхойлон тусгасан” гэдгийг Засаг дарга Ш.Идэрбаясгалан хэллээ. Тус үндсэн чиглэлийг боловсруулах ажлын хэсгийг 25 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, 5 дэд ажлын хэсэгт хуваан ажиллажээ.
Энэ сарын 22-нд хуралдах аймгийн ИТХ-ын ээлжит бус III хуралдаанаар Аймгийн эдийн засаг нийгмийг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэн батлах ажээ.
Б.Ганаа
Хөвсгөл аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг өргөн барилаа |