Монгол төрийн алба залгамж халааны дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын энэ сарын 10-ны өдрийн захирамжаар Шаравдоржийн Идэрбаясгаланг Хөвсгөл аймгийн Засаг даргаар томилсон бөгөөд өнөөдөр тамга тэмдгээ хүлээн авлаа. Энэ үеэр Засаг дарга Л.Ганболд “Хөвсгөл аймгийн Засаг даргаар 4 жил 5 сар ажиллалаа. Энэ хугацаанд нэг баг болон ажилласан төрийн албан хаагч, хамтран ажилласан бүх хүмүүстээ талархаж байна. Хөвсгөл нутгийнхаа хөгжлийн төлөө зүтгэл, сэтгэл гарган ажиллалаа. Засаг даргын Хөгжлийн хөтөч үйл ажиллагааны хөтөлбөрийн 655 арга хэмжээнээс 649-ийг бүрэн дуусгаж, 6 арга хэмжээ ирэх хугацаанд хэрэгжихээр шилжиж байна. Тухайлбал Хөвсгөл аймгийн нийгэм эдийн засгийн үзүүлэлт салбар бүрд өсөлттэй гарсан, төсөв санхүүгийн хувьд ил тод шилэн, төсөв санхүүгийн зөрчилгүй аймгаар жил дараалан шалгарсан зэрэг олон үр дүн гарсан” гэдгийг онцолж байлаа.
Засаг дарга Л.Ганболд гэдэг хүнийг би олонх иргэдийн мэддэгээр “Ноолуурын ченж” хийдэг хүн гэж таньдаг байлаа. Түүнийг Засаг дарга болсноос хойш мэдээ, мэдээллийг нь авч хамтран ажиллаж ирсэн. Засаг даргаас олон ярилцлага мэдээлэл авч байсан боловч энэ удаа 2 удаагийн томилолтыг онцлон товч сийрүүлэв. Тодруулбал
Ишлэл :1
Хүн хамгийн их даарснаа ер мартдаггүй юм гэнэ лээ. Энэ үнэн байх.
2018 оны 1 сарын 4,5 -нд Хөвсгөл аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Л.Ганболдоор ахлуулсан аймгийн Онцгой комиссын гишүүд зүүн бүсийн сум болох Бүрэнтогтох, Цагаан-Уул, Цэцэрлэг суманд ажиллаж өвөлжилтийн байдалтай газар дээр нь танилцах үеэр мэдээлэл сурвалжилга бэлтгэн явж байлаа. Энэ үед идэр ес эхэлчихсэн Цэцэрлэг суманд -40 градус давсан ид хүйтэн үе байлаа. Онцгой комиссын гишүүд дээрх суманд ажиллаад буцах үед Цэцэрлэг сумын нутагт өрөмдлөг явуулж буй мэдээлэл ирсэн юм. Үүнийг сонссон Засаг дарга газар дээр нь очиж танилцахаар шийдэж өрөмдлөг явуулж буй газрыг зорилоо. Шөнийн 23 цаг өнгөрч байх үед Цэцэрлэг сумын нутагт хайгуулын үйл ажиллагаа явуулж байсан газарт очиж Засаг дарга Л.Ганболдын шийдвэрээр “Хургатай хайрхан”-ы өрөмдлөгийн үйл ажиллагааг газар дээр нь очиж зогсоож байсан юм.
Энэ үед үгээр хэлэхийн аргагүй маш хүйтэн цас шуураад л нөгөө кинон дээр гардаг шиг л байсан. Машинд дулаацуулж байгаад гарсан микрофон, утастайгаа таг хөлдөөд л. Би ч тэсэхгүй машинд суусан. Харин Л.Ганболд дарга Хургатай хайрхан компанийн ажилчид болон Цэцэрлэг сумын иргэдтэй бараг цаг орчим ярилцсан.
Л.Ганболд Хөвсгөлийг уул уурхайгүй аймаг болгон хөгжүүлнэ гэсэн үгэндээ хүрсэн. Хөвсгөл аймагт 2016 онд 200 гаруй уул уурхайн лиценз хүчинтэй байсныг аймгийн Засаг даргын зүгээс уул уурхайгүй Хөвсгөл бодлогын хүрээнд лицензийг цуцлах ажлыг эрчимтэй хэрэгжүүлсэн. Тодруулбал газар нутгаа улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авч тус газруудад байгаа лицензүүдийг цуцлуулж, хугацаа дууссаныг нь сунгалт хийлгүй зогсоосон. Үүний үр дүнд өнөөдрийн байдлаар уул уурхайн ашиглалтын 21, хайгуулын 5 нийт 26 лиценз хүчинтэй байна. Тэрбээр Засаг дарга болсноосоо хойш ганц ч лицензийн зөвшөөрөл олгоогүй харин цуцалсаар ирсэн.
2020 оны 10 сарын 11-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хөвсгөл аймагт ажиллаж иргэдтэй уулзалт хийсэн. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Би аймгуудаар явж ард түмнээ сонсож байна. Олон тулгамдаж буй асуудал байна. Хөвсгөл аймгийн хувьд чухал онцлогтой. Бид аймгийн Засаг дарга Л.Ганболдтой хамтран уул уурхайг биш аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого төлөвлөлт гарган ажиллаж байна. Цаашид аялал жуулчлалыг стандартын дагуу хөгжүүлэх болно гэдгийг онцолж байсан юм.
Гэвч “Түүнийг нутгаа зарж байна”, Ухуулах гэж байна” , “Луйварчин” гэх мэтчилэн зохион байгуулалттай дайралт гүтгэлэгүүд цахим сүлжээнд цацагдсаар байсан юм.
Ишлэл:2
2020 оны 3 сарын 17-19-ий өдрүүдэд Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдоор ахлуулсан Шуурхай баг хаваржилт хүндэрсэн Төмөрбулаг, Галт, Жаргалант, Шинэ-Идэр, Цэцэрлэг, Цагаан-Уул суманд ажиллах багт томилолтоор ажиллав. Хаврын сар гарсан боловч цас ихтэй, зам даваа хаагдсан, мал нь олноороо хорогдсон сэтгэл санаагаар унасан малчидтай уулзах амаргүй томилолт байсан. Шуурхай багийн гишүүд өмнөх өдрүүдэд нь Тосонцэнгэл, Тариалан, Рашаант сумдад 2 хоног 3 өдөр дараалан ажилласан байсан учраас нэлээд ядарсан нь ажиглагдаж байлаа. Гэвч тэд өөрсдийн ая тухыг бодолгүй төрийн үйлчилгээг түмэндээ хүргэсэн юм.
Энэ үеэр орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ хүргэдэг хөрш зэргэлдээ Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн хамт олонд очиж талархал илэрхийлсэн юм. Тус хамт олон Хөвсгөл аймгийн Жаргалант, Галт, Цагаан-Уул, Цэцэрлэг зэрэг сумын иргэдэд цаг алдалгүй эрүүл мэндийн үйлчилгээг хүргэн хэвтүүлэн эмчилдэг юм байна. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлэгт он гарсаар Хөвсгөл аймгийн харьяат 100 гаруй иргэн хэвтэн эмчлүүлсэн байна. 2018 оноос хойш 20 орчим эхэд орон нутагт ирж хагалгаа хийж тусламж үзүүлэн эх, үрийн амийг аварсан байна.
“ Цас зудтай энэ үед иргэдийнхээ төлөө Засаг дарга нь өөрөө ингээд хүрч ирээд талархал илэрхийлнэ гэж бодсонгүй. Бидэнд маш том урам өглөө” гэдгийг Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Нэгдсэн эмнэлгийн орлогч дарга Л.Енжмаа онцолж байсан юм.
Энэ бол Завхан аймгийн Тосонцэнгэл сумтай хил залгаа Цэцэрлэг, Цагаан-Уул, Жаргалант зэрэг сумдын иргэдэд цаашид маш их хэрэгтэй цаг үеэ олсон хүндэтгэл байлаа.
Шуурхай баг өдөр нь уулзалт хийж шөнө нь явсаар ёстой л шуурхай ажилласан даа. Шөнийн 12 болон 3 цаг гээд хэдэн цагт ч унтсан байсан өглөөний 07 цагт бүгд боссон байдаг. Бараг л хагас цэргийн дэглэмтэй ажилласан гэхэд хилсдэхгүй боловуу
Зарим сумын уулзалт хэт оройтох үе ч байлаа. Олон хоног нойргүй ажилласан болохоор Засаг даргын эрүүл мэнд сайнгүй байгаа нь надад ажиглагдаж байлаа. Шөнө 21 цагаас хойш уулзалтын үеэр түүнийг ярьж байхад “Хэл нь ороолдож байгаа нь илт байв. Мөн даралт нь ихэдсэн бололтой эм уугаад л байгаа харагдсан”. Гэвч өөрийн эрүүл мэндийг умартан ажлаа үргэлжлүүлсээр томилолтоо дуусгасан. Засаг дарга Л.Ганболд энэ 4 жилд Хөвсгөл түмний эрх ашгийг аав, ээж, гэр бүл, өөрөөсөө илүү нэгд тавин тавин ажиллаж ирсэн. Тэр ганцаараа ажиллаагүй Хөвсгөл аймгийн 6600 гаруй төрийн албан хаагчидтай хамтран ЗҮТГЭЖ, ИТГЭЖ, САНААЧИЛЖ ажиллаж ирсэн. Гэвч түүний хийсэн бүхнийг үгүйсгэх, харлуулах гэсэн зохион байгуулалттай, унагах гэсэн гүтгэлэг мэдээлэл удаа дараалан гарч байсан ч үл тоон шантралгүй ажилласаар өнөөдрийг хүрсэн.
Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит 2-р хуралдаан энэ сарын 3-нд болсон. Энэ үеэр аймгийн 2020 оны төсвийн өнөөгийн байдал, 2021 оны төсөв батлах тухай, аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх зэрэг 7 асуудлыг авч хэлэлцэв. Хуралдааны үеэр хамгийн их цаг авч асуулт асууж санал хэлсэн 2 хүн байсан. Тодруулбал Орон нутгийн сонгуульд бие даан нэр дэвшиж төлөөлөгчөөр сонгогдсон Д.Лхагвасүрэн , Засаг дарга Л.Ганболд хоёр байлаа. Хэдийгээр Засаг даргын үүрэг ажлаа хүлээлгэн өгөх гэж байгаа ч гэсэн цаашдын аймаг орон нутгийн удирдлагуудад хэрэгтэй санал зөвлөмжийг удаа дараа босон өгч байсан. Анхааралтай сонссон нэгэнд санаа авах, цаашид анхаарах олон зүйл байсан ч зарим нэг нь түүнийг одоо ажлаа өгөх гэж байж яасан олон юм ярьдаг юм гэсэн харцаар харж байсныг нуух юун. Хөвсгөл аймаг 2020 онд аймгийн Онцгой комиссын хуралдааныг 48 удаа хийсэн.
Орон нутгийн сонгуулиас хойш Л.Ганболд “Явах хүнд үхэр тугал нийлэх хамаагүй” гэж орхисонгүй ажилласаар л Онцгой комиссын хуралдааныг 10 удаа хийж төр засгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэн ажилласаар өнөөдрийг хүрсэн билээ.
Амьдрал л юм хойно жаргал зовлон ээлжилнэ. Ээж нь хүнд өвдөж, үр хүүхэд нь ханиад хүрч эмнэлэгт хэвтэхэд тэрбээр хүүгийн үүргээ гүйцэтгээд ээжийгээ асарч чадаагүй, аавын, ханийн үүргээ биелүүлээд хамт байж халуун хоол зөөж чадаагүй. Ингэж л тэрбээр цаг наргүй ажилласан, түүнд амралтын өдөр гэж байгаагүй . Л.Ганболдын засагласан 4 жилд эрхэм уншигч авхай та өөр өөрийнхөөрөө үнэлэлт, дүгнэлт өгөх биз. Харин сэтгүүлч миний хувьд төр түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж Хөвсгөлийн хөгжилд “Ташуур” өгсөн 4 жил байлаа гэдгийг онцолъё.
“Хөдөлмөрч хүний хөлс нь урсаж байхад шүүмжлэгч хүний шүлс нь үсэрч байдаг” гэж хэн онож хэлснийг бүү мэд. Магадгүй үүнийг уншиж дуусаагүй байж хэн нэгэн шүлсээ үсэргээд эхэлсэн байх. Хамгийн гол нь сэтгүүлч хүн үнэн бодит мэдээллийг хүргэх ёстой учраас чухам үнэнийг цөөн үгээр бичиглэсэн ажгуу .
Сэтгүүлч Онход овогт Бадарчийн Гантуяа
2020 оны 12 сарын 14
Хөвсгөлийн хөгжилд “Ташуур” өгсөн 4 жил |