Монгол Улсын Ерөнхий сайдын энэ сарын 10-ны өдрийн захирамжаар Шаравдоржийн Идэрбаясгаланг Хөвсгөл аймгийн Засаг даргаар томилсон бөгөөд өнөөдөр тамга тэмдгээ хүлээн авлаа. Энэ үеэр Засаг дарга Л.Ганболд “Хөвсгөл аймгийн Засаг даргаар 4 жил 5 сар ажиллалаа. Энэ хугацаанд нэг баг болон ажилласан төрийн албан хаагч, хамтран ажилласан бүх хүмүүстээ талархаж байна. Хөвсгөл нутгийнхаа хөгжлийн төлөө зүтгэл, сэтгэл гарган ажиллалаа. Засаг даргын Хөгжлийн хөтөч үйл ажиллагааны хөтөлбөрийн 655 арга хэмжээнээс 649-ийг бүрэн дуусгаж, 6 арга хэмжээ ирэх хугацаанд хэрэгжихээр шилжиж байна. Тухайлбал Хөвсгөл аймгийн нийгэм эдийн засгийн үзүүлэлт салбар бүрд өсөлттэй гарсан, төсөв санхүүгийн хувьд ил тод шилэн, төсөв санхүүгийн зөрчилгүй аймгаар жил дараалан шалгарсан зэрэг олон үр дүн гарсан” гэдгийг онцолж байлаа.
Шинээр томилогдсон Ш.Идэрбаясгалан тамга тэмдгээ хүлээн авч “Төрийн албаны гол зарчим бол хууль дээдлэх. Засаг даргын хувьд Иргэдийн хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхээс гадна Монгол Улсын Засгийн газар холбогдох дээд шатны байгууллагын үйл ажиллагааг төлөөлж хэрэгжүүлнэ. Төрийн албан хаагчдаас ёс зүйтэй, шударга, төрийн албанд өргөсөн тангарагтаа үнэнч байхыг шаардаж ажиллана” гэдгийг хэлж байлаа.
Б.Гантуяа
Хөвсгөл аймгийн Засаг даргаар томилогдсон Ш.Идэрбаясгалан тамгаа хүлээн авлаа |