Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит 2-р хуралдаан боллоо. Энэ үеэр аймгийн 2020 оны төсвийн өнөөгийн байдал, 2021 оны төсөв батлах тухай, аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх зэрэг 7 асуудлыг авч хэлэлцэв.
Хуралдаанаар аймгийн Засаг даргад МАН-аас нэр дэвшүүлээгүй бөгөөд Ардчилсан намаас Ш.Идэрбаясгаланг дахин нэр дэвшүүлсэн юм. Ш.Идэрбаясгалан олонхын буюу 23 төлөөлөгч буюу 60,5 хувийн санал авсан учраас дахин Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар боллоо.
Түүнийг 11 сарын 4-нд болсон Хөвсгөл аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаас Засаг даргад нэр дэвшүүлсэн боловч МУ-ын Ерөнхий сайд батламжлахаас татгалзсан хариу ирүүлжээ.
Ш.Идэрбаясгалан нь 1977 онд төрсөн, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. 1989-1991 онд Мөрөн 1-р 10 жилийн дунд сургууль, 1991-1994 онд Математик байгалийн ухааны дунд сургууль, 1994-1998 МУИС харьяа Математик компьютерийн сургуулийг программ хангамжийн инженер мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн.
2013-2016 онд Удирдлагын академийн харьяа Удирдахуйн ухааны сургуульд төрийн захиргааны менежментийн магистр зэрэг хамгаалсан. 1998-2000 МУИС-ийн МКС-ийн программ хангамжийн тэнхимд багш, 1998-2000 онд Хөвсгөл барнууд ХХК-ийг үүсгэн байгуулж менежерээр ажилласан.
2004 онд УИХ-ын тамгын газар УИХ-ын гишүүний бие төлөөлөгч, 2004-2007 онд Барилга хот байгуулалтын яамны төрийн захиргааны удирдлагын газарт мэдээлэл технологийн мэргэжилтнээр ажиллаж байсан. 2017 оноос хойш Хөвсгөл аймгийн Ардчилсан намын даргаар ажиллаж байгаа ажээ.
Б.Гантуяа
Хөвсгөл аймгийн Засаг даргад Ш.Идэрбаясгаланг дахин нэр дэвшүүллээ |