Хөвсгөл аймгийн Мөрөн хот, ХБНГУ-ын Барут Марк хоттой 2011 оноос эхлэн ах дүүгийн харилцаатай хамтран ажиллаж ирсэн. Өнөөдөр хотын удирдлагууд цахимаар холбогдож орон нутагт нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг нийлүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болов.
Тодруулбал Мөрөн хотын Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн түргэвчилсэн оношлуураар оношлох 6 цэгт шаардагдах халдвар хамгаалал, ариутгалын багаж хэрэгсэл түргэвчилсэн оношлуур 2000 ширхэгийг олгохоор болжээ. Мөн мэргэжлийн байгууллагуудын ажилтан албан хаагчдад халдвар хамгааллын хувцас хэрэгсэл 400 ширхэг, зорилтот бүлгийн 840 өрхөд халдвар хамгааллын хэрэгсэл, амны хаалт 40.000 ширхэг, Нэгдсэн эмнэлэгт амьсгалын аппарат зэрэг шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгсэл материалд зориулж 50.000 евро буюу 150.0 орчим сая төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлж туслалцаа үзүүлэхээр болжээ.
Тус хотууд хамтран ажилласан 9 жилийн хугацаанд Мөрөн хотод иж бүрэн тоноглосон түргэн тусламжийн 3 автомашин, гал унтраах автомашин, сургууль, цэцэрлэгүүдэд ус цэвэршүүлэгч, ус түгээгч зэргийг хандивласан байна. Мөн өнгөрсөн онд Мөрөн хотод Герман улсын өндөр технологийг нутагшуулах Сургалт мэдээллийн төвийг барьж ашиглалтад оруулсан юм. Харин Барут Марк хотод Мөрөн хотын нэрэмжит гудамжийг байгуулсан ажээ.
Б.Гантуяа
ХБНГУ-ын Барут Марк хотоос 150 орчим сая төгрөгийн тусламж үзүүлнэ |
|