Хөвсгөл аймгийн ЗДТГ-аас Төсвийн тухай хуулиар "Аймаг, нийслэлийн Засаг дарга төсвийн төслийг жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны дотор тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн хуралд өргөн мэдүүлнэ" гэсэн заалтын дагуу өнөөдөр аймгийн 2021 оны төсвийн төслийг Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуягт өргөн мэдүүллээ. "Ирэх оны батлагдаж ирсэн төсвийг 2020 онд анх батлагдсан төсөвтэй харьцуулахад ихээхэн хэмжээний бууралттай байна. Зардлыг санхүүжүүлэх эх үүсвэрийн тухайд улсын төсвөөс авах санхүүгийн дэмжлэг 17,6 тэрбум төгрөгөөр батлагдаж ирсэн нь 2020 онд анх батлагдсан 21,2 тэрбум төгрөгөөс 3,7 тэрбум төгрөг буюу 17,5 хувиар, тусгай зориулалтын шилжүүлэг 70,8 тэрбум төгрөгөөр батлагдаж ирсэн нь өмнөх онтой харьцуулахад 3,1 тэрбум төгрөг буюу 4,2 хувиар буурсан байна.
Орон нутгийн орлогыг 14,0 тэрбум төгрөгөөр баталж ирүүлсэн нь 2020 оны суурь орлогоос 2,3 тэрбум төгрөг буюу 19,9 хувиар нэмэгдсэн дүнтэй байна. Төрийн чиг үүрэг, үйл ажиллагааг тогтвортой хэвийн ажиллуулахад шаардлагатай зардлуудыг нэмж санхүүжүүлэх хэрэгцээ гарч байгаа бөгөөд орон нутгийн орлогын өнөөгийн болон өмнөх жилүүдийн гүйцэтгэлийн мэдээлэл, төрийн аудитын байгууллагын зөвлөмжийг харгалзан нэмэгдүүлэх боломж, тооцооллыг хийн ажиллаж байна” гэдгийг аймгийн Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Г.Базар онцолж байлаа.
Б.Гантуяа
Ирэх оны батлагдаж ирсэн төсвийг 2020 онд анх батлагдсан төсөвтэй харьцуулахад ихээхэн хэмжээний бууралттай байна |