Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 41-р хуралдаан хаалттай болж гарсан шийдвэрийг хэвлэлийнхэнд танилцууллаа. Орон нутгийн иргэдээс хамгийн их ирж буй санал хүсэлтэд тулгуурлан маргаашаас эхлэн өвлийн идэш болон түлээ бэлтгэх иргэдэд зөвшөөрөл олгохоор болжээ. Иргэдэд өглөөний 07 цагаас оройн 21 цагийн хооронд нэвтрэх зөвшөөрлийг олгох юм. Тодруулбал иргэд хоногоо өөрснөө сонгон нэвтрэх цэгээр өглөөний 7-оос оройн 21 цагийн хооронд зорчих юм байна. Мөн энэ сарын нэгнээс хойш Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ аймаг чиглэлд хөдөлгөөн үйлдсэн бол орон нутагт зорчуулахгүй гэдгийг анхааруулж байлаа. Зөвшөөрлийн хуудас авах иргэд нэвтрэх шалтгаан, оршин сууж байгаа хаяг, зорчих зам маршрутаа тодорхой бичсэн өргөдөл, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, иргэний үнэмлэхний хамт бүрдүүлэх шаардлагатай. Шуурхай штаб аймгийн Засаг даргын тамгын газрын 1 давхрын Соёмбо танхимд байрлаж байгаа бөгөөд иргэдэд 7038-3334 утсаар мэдээлэл зөвлөгөө өгч байна.
Б.Гантуяа
Өвлийн идэш болон түлээ бэлтгэх иргэдэд зөвшөөрөл олгоно |