"COVID-19" цар тахлаас сэргийлэх үүднээс энэ жил “Эхийн алдар” нэг, хоёрдугаар зэргийн одон гардуулах ёслолыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулахаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас шийдвэрлэсэн байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу 6 болон түүнээс олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхэд "Эхийн алдар" нэгдүгээр зэргийн одон, 4 хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд хоёрдугаар зэргийн одонд тодорхойлж, жил бүрийн зургаадугаар сарын 1-нд гардуулдаг. Энэ жил “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одон хүртэх 745, хоёрдугаар зэргийн одон хүртэх 10160 гаруй ээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт материалаа ирүүлжээ. Гэсэн ч дэлхий даяар тархсан коронавируст цар тахлын улмаас дотоодод Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн тул “Эхийн алдар” одонг засаг, захиргааны нэгжийн аль ч түвшинд биечлэн гардуулахгүй аж.
Хэдийгээр “Эхийн алдар” одонг гардуулахгүй ч Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ээжүүдэд одон олгох зарлиг гаргана. Ингэснээр “одонгийн мөнгө”-ийг хэвийн олгох аж. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар холбогдох яамдтай санал солилцож, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд заасан “одонгийн мөнгө” авах шаардлагыг хөнгөлсөн байна. Тухайлбал, коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд “…үйл ажиллагаагаа мэдээллийн технологи ашиглан цахимаар явуулах боломжийг бүрдүүлэх” гэж заасны дагуу Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн 5 дугаар зүйлийг цахим тогтолцоонд шилжүүлэв.
Өөрөөр хэлбэл, одонгийн мөнгө авахыг хүссэн ээж “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонгийн, эсхүл “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонгийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, мөнгөн тусламж авахыг хүссэн өргөдөл зэргийг бүрдүүлж дүүргийн халамж, үйлчилгээний байгууллага, эхсүл сумын нийгмийн ажилтанд өгдөг байсан бол энэ жил дээрх бичиг, баримтыг бүрдүүлэх шаардлагагүйгээр “одонгийн мөнгөө” авах боломжтой болох аж.
Ч.Ариунболд
Цар тахлаас сэргийлэх үүднээс энэ жил “Эхийн алдар” одон гардуулахгүй |
Сэтгэгдэл бичих