Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг Түнэл, Чандмань-Өндөр суманд ажиллав
2020-04-18 23:41:40, 690

Хөвсгөл аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга  Л.Ганболдоор ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Түнэл, Чандмань-Өндөр суманд ажиллаж хаваржилтын нөхцөл байдал, өндөржүүлсэн бэлэн байдлын  үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, аймгийн болон Улсын Онцгой комиссын албан даалгаврын хэрэгжилттэй танилцаж байна. Түнэл сумын Шуурхай штабаас уриалга гарган нэг албан хаагч 10 амны хаалт, нэг аж ахуйн нэгж 50 амны хаалт аяныг өрнүүлж нийт 2418  ширхэг амны хаалт, 490000 төгрөгийн мөнгөн хандив сумын Онцгой комисст цугларсан. Мөн сэжигтэй тохиолдлын бэлэн байдлыг ханган тусгаарлах 2 өрөө бэлтгэн шаардагдах тоног төхөөрөмжөөр хангасан гэдгийг сумын Засаг дарга С.Ванчиг танилцуулж байлаа. Өнөөдрийн байдлаар Түнэл суманд 304000 толгой мал хаваржиж 2344 мал хорогдсон, 129326 мал төллөхөөс одоогийн байдлаар 29353  мал төллөөд байгаа гэнэ.

Чандмань-Өндөр суманд өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хэвийн байна.Хуурайшилтын улирал эхэлсэнтэй холбогдуулан айл өрх болон мод бэлтгэж буй мэргэжлийн байгууллагуудад ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх санамж, зөвлөмжийг хүргүүлсэн. Энэхүү ажлын хүрээнд 8 хүний бүрэлдэхүүнтэй “Урамшилт эргүүл”-ийг гарган өдөр бүр хяналт тавин ажиллаж байна. Коронавирусний халдвараас  урьдчилан сэргийлэх ажлуудыг сумын хэмжээнд холбогдох чиглэл, албан даалгаврын дагуу шуурхай зохион байгуулан бэлэн байдлыг бүрэн хангасан гэдгийг Чандмань-Өндөр сумын Засаг дарга Ө.Энхтүвшин мэдээллээ.

Засаг даргаар ахлуулсан аймгийн Онцгой комиссын шуурхай ажлын хэсэг маргааш  Цагаан-Үүр, Эрдэнэбулган сумдад ажиллана.

Б.Ганаа

 



Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг Түнэл, Чандмань-Өндөр суманд ажиллав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0