Онцгой комиссын хуралдаанаар бүх сумын Засаг дарга нартай онлайнаар холбогдлоо
2020-02-24 20:53:51, 1248

Хөвсгөл аймгийн Онцгой комисс шинийн нэгний өдрийн 13 цагаас хуралдлаа. Энэ үеэр  23 сум 1 тосгоны Онцгой комисстой онлайнаар холбогдон сар шинийн өдрүүдэд  орон нутагт авч хэрэгжүүлж буй мэдээ, мэдээллийг сонсож өвөлжилтийн байдалтай  танилцлаа. Өвөлжилт хүндэрсэн сумуудад өвс, тэжээлийг шуурхай хүргэхийг Онцгой комиссын дарга Л.Ганболд үүрэг болголоо.

Мөн цас их орж өвөлжилт хамгийн хүнд байгаа Жаргалант суманд Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Ч.Дашбаяраар ахлуулсан гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх багийг томилон явууллаа.

Шинэ коронавирусийн халдвараас хүн амыг урьдчилан сэргийлэх зорилгоор Цагаан сарын баярын өдрүүдэд буюу энэ сарын 23-27-ны өдрийг  хүртэл хот хооронд, аймаг, сум хооронд зорчих хөдөлгөөнийг түр хязгаарлах, уул овоонд гарахгүй байх шийдвэрийг Улсын Онцгой комиссын хуралдаанаар гаргасан.

Хөвсгөл аймгийн хэмжээнд   127 хяналтын постын цэгт 1748 албан хаагч 102 техник хэрэгсэлтэй, Мөрөн суманд 64 цэгт 900 гаруй төрийн албан хаагч эргүүл, хяналт хийж ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар төр засгийн бодлого шийдвэрийг зөрчсөн зөрчил гараагүй гэнэ.

Хяналтын постоор хүндэтгэх шалтгаантай иргэдийг нэвтрүүлж, бусад иргэдэд мэдээлэл зөвлөмж өгөөд буцааж байгаа ажээ. Ард иргэд алба хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлж, хот хооронд болон орон нутагт зорчихгүй, баярын өдрүүдэд гэр бүл, эрүүл мэндээ хамгаалж, цахимаар золгож иргэний нийгмийн үүргээ гүйцэтгэн төрийн шийдвэрээ хүндэтгэж байгаа Хөвсгөлчүүддээ аймгийн Онцгой комиссын дарга, Засаг дарга Л.Ганболд  талархал илэрхийлж байлаа.

Б.Ганаа



Онцгой комиссын хуралдаанаар бүх сумын Засаг дарга нартай онлайнаар холбогдлоо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0