Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газраас Үндсэн хууль батлалцаж явсан ахмадуудад хүндэтгэл үзүүлэв. Тус аймгаас АИХ-ын 25 депутат энэхүү хуулийг батлалцаж байснаас эдүгээ 9 депутат орон нутагтаа ажиллаж амьдарч байна. Ахмадуудад аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Х.Ган-Очир, Төрийн Захиргааны удирдлагын хэлтсийн дарга Х.Цэнд-Аюуш, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Г.Гандэлгэр нар шинэ үндсэн хууль баталсан өдрийг тохиолдуулан ахмад депутатуудтай уулзаж ярилцан хүндэтгэл үзүүллээ. Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэн төвтэй төр улсыг шинэ Үндсэн хуулиараа тунхагласны түүхт 28 жилийн ой тохиож байна. Монгол Улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулийг дөрвөн удаа хэлэлцэн баталж гаргасан ба эхний гурван хууль намч хандлага, марксист үзэл суртлыг баримталж байв. Харин 1992 оны шинэ Үндсэн хууль бол манай орны нийт хүн амыг нийгмийн анги, давхраа, үзэл бодлоор ялгаварлалгүй, нийтлэг ашиг сонирхлыг нь хамгаалж, хүн төрөлхтний хөгжлийн жам ёсыг баримтлан илэрхийлсэн ардчилсан Үндсэн хууль гэж Монголын ард түмэн нийтээр хүлээн зөвшөөрдөг гэдгийг ахмадууд энэ үеэр онцолж байлаа.
Б.Туяа
Үндсэн хууль батлалцаж явсан ахмадуудад хүндэтгэл үзүүлэв |
|
Сэтгэгдэл бичих