Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтсээс Хүн ам орон сууцны тооллогын сумдын комиссын дарга, гишүүд болон багийн засаг дарга буюу багийн тооллогын түр товчооны дарга нарт зориулсан сургалтыг зохион байгууллаа. Монгол Улсын Хүн ам, орон сууцны Улсын ээлжит тооллого 2020 оны нэгдүгээр сарын 9-15-ны хооронд орон даяар нэгэн зэрэг явагдана. Тус тооллого нь засаг захиргааны анхан шатны нэгжийн түвшинд ард түмнийхээ аж байдлыг өрх, иргэн бүрээр тодорхойлж, өнгөрсөн 10 жилийн ололт, амжилтыг дүгнэх, ирэх жилүүдийн бодлого хөтөлбөрийг төлөвлөх суурь мэдээллийг бий болгох зорилготой гэнэ. Энэ удаагийн тооллогын онцлог нь бүртгэл болон статистикийн мэдээллийг хослуулж байгаа аж. Тодруулбал нийт мэдээллийн 90 хувийг бүртгэлд суурилж буюу хүн ам, өрхийн мэдээллийн сангаас бүрдүүлнэ. Тооллогын үеэр иргэд өөрийн харьяа хороо, багийн ажилтан дээр очиж өрхийн мэдээллээ шинэчлэх боломж бий. Мөн тооллогын үеэр ажиллах цахим хуудас руу нэвтэрч өрхийн мэдээллээ шинэчилж болно гэдгийг Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтсийн дарга Б.Базардамбуу хэлж байлаа.
Сургалтын нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар, Аймгийн Засаг дарга, аймгийн хүн ам орон сууцны тооллогын комиссын дарга Л.Ганболд нар оролцлоо.
Б.Туяа
Хүн ам орон сууцны тооллогын комиссын гишүүдэд мэдээлэл өглөө |
|
Сэтгэгдэл бичих