Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, ахмад Х.Мөнхбатад өргөсөн тангарагтаа үнэнч байж олон хүний амь насыг авран хамгаалсан хөдөлмөрийг нь үнэлж Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд гурван өрөө байраар шагнах батламжийг өнгөрөгч долдугаар сард гардуулан өгсөн юм. Тэрбээр Мөрөн хотод шинээр ашиглалтад орж буй 135 айлын орон сууц болох Шинэ мөрөн хороололд 3 өрөө байрны түлхүүрээ гардан авч шинэ байрандаа орлоо. Х.Мөнхбат Онцгой байдлын албанд 12 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд 182 иргэний амь нас, ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 950.0 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ. Мөн “НИК Петровис” компанийн шатахуун тээвэрлэгч хоёр автомашин Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр тээвэр хийж яваад нуурын мөс цөмөрч осолдсон дуудлагаар 35-45 градусын хүйтэнд 47 метрийн гүнд гурван хоног нийт 9 удаагийн шумбалт хийж, нэг хүний цогцсыг гаргасан бол хоёр автомашиныг Хөвсгөл нууранд шатахуун асгалгүйгээр татан гаргах ажиллагааг амжилттай гүйцэтгэхэд оролцсон. Хүчтэй цасан шуурганаар Хатгал тосгоноос есөн км-ийн зайтай Модот булан гэдэг газраас Хатгал тосгоны чиглэлд явж байгаад Хөвсгөл нууранд төөрсөн 13 автомашинтай 45 иргэнийг, мөсөн дээр баримжаагаа алдан төөрч явсан найман иргэний амь насыг аварч үүргээ амжилттай гүйцэтгэсэн ажээ.
Б.Туяа
Аврагч Х.Мөнхбат гурван өрөө байрны түлхүүрээ гардан авлаа |
|
Сэтгэгдэл бичих