Монгол орны аялал жуулчлалын бүс нутаг болсон Хөвсгөл аймагт ирэх дотоод, гадаадын жуулчдад үзэх, харах үзмэрийг нэмэгдүүлэх Өндөр гэгээн Занабазарын зохиосон соёмбо үсгийн эхийг монгол түмэндээ сурталчлан таниулах зорилгоор Мөрөн сумаас 5 км-ийн зайтай аймгийн төвийн ард байрлах Дулаанхан уулын энгэрт Монголын хамгийн том “Соёмбо” цогцолборыг байгуулж байна. Тус цогцолборын гүйцэтгэгчээр "Хан-Аттрибут" компани ажиллаж байгаа бөгөөд ажлын явц 80 хувьтай ирэх 11 дүгээр сард ашиглалтад оруулах аж. Улсын төсвийн 539 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж буй тус цогцолбор ашиглалтад орсноор Мөрөн сумын өнгө үзэмжийг нэмэх, иргэдийн чөлөөт цагаа ая тухтай өнгөрөөх бололцоог хангах зэрэг ач холбогдолтой юм. Өндөр гэгээн Занабазар Төвхөнд сууж байхдаа хүний оюун ухааны сор, монгол хүний оройн дээд шүтээн тусгаар тогтнолын бэлгэдэл болсон мөнхийн бүтээл, Монгол Улсын хожмын төрийн сүлд соёмбо тэмдэг, соёмбо үсэг хэмээх шинэ бичгийг 1686 онд зохион бүтээснийг түүхэнд тэмдэглэжээ. Монгол Улсын сүлд соёмбо нь монгол нутагт оршин байсан эртний хүмүүсийн хад чулууны бичээсээс эхлэн Монголын анхны төр улс Хүннүгийн үеэс бэлгэдэл болгож ирсэн гал дөл, нар сарыг багтаасан түүхэн уламжлалтай юм. Монголчууд соёмбоо Монгол төр ёс бат бэх, эв нэгдэлтэй байх тусгаар тогтнон оршихын билэг тэмдэг хэмээн үздэг ажээ.
Б.Баянцагаан
“Соёмбо” цогцолбор ирэх сард ашиглалтад орно |
|
Сэтгэгдэл бичих