Хөвсгөл аймагт МОН(9183): “Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төсөл” 2016 оноос хэрэгжиж өнөөдөр хаалтаа хийлээ. Төсөл ядуурлыг бууруулах Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Азийн хөгжлийн банк хамтран Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Рэнчинлхүмбэ, Ханх сум болон Хатгал тосгонд амжилттай хэрэгжсэн байна. Төслийн хүрээнд Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн 5 сум 1 тосгонд нутгийн иргэд малчдад мэдлэг, ур чадвар олгох 50 орчим сургалт зохион байгуулан, 6000 гаруй нутгийн иргэн хамрагдаж, иргэд өөрсдөө удирдан захиран зарцуулах эргэлтийн сангаас жилийн 2,4-7,2 хувийн хүүтэй 1,7 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй бичил зээлийг 312 төсөлд олгож 500 орчим ажлын байрыг шинээр бий болгосон байна. Малын гаралтай түүхий эдийн ашиглалт, түүнээс олох орлого нэмэгдэж бэлчээрээ хамгаалах, тогтвортой ашиглах ойлголт, хамтын ажиллагаа сайжирчээ. Нутгийн иргэд өөрсдөө удирдан, захиран зарцуулах бага хүүтэй зээл олгож эхэлсэнээр иргэдийг байгаль хамгаалах үйлсэд оролцуулахын зэрэгцээ ажлын байраар хангасан төдийгүй байгаль орчинд ээлтэй, алслагдсан, цэнгэг усны эх үүсвэртэй газар нутагт ариун цэврийн байгууламжийн туршилт хийсэн байна.
Ариун цэврийн байгууламжаа өөрчлөх сонирхол нэмэгдэж байгаль орчноо хамгаалах, хандлагаа өөрчлөх идэвх сонирхлыг өрнүүлсэн, манлайлагч, сургагч багш бэлтгэгдсэн маш олон үр дүн гарсан гэдгийг төслийн менежер Т.Эрдэнэжаргал хэлж байв. Энэ үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Монгол Улсын Засгийн газрын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлэх, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд онцгой анхаарч Хөвсгөл нуурыг эко аялал жуулчлалын бүс болгон зарласны зэрэгцээ Дархадын хотгорыг тусгай хамгаалалтад авах асуудлыг шийдвэрлүүлэхээр ажиллаж байгааг хэллээ.
Төсөл хэрэгжсэн хугацаанд иргэд амьжиргаагаа дээшлүүлэх олон төрлийн хөтөлбөрүүдэд хамрагдан, ажлын байр бий болгож, жижиг дунд бизнес эрхлэн амжилттай төсөлд хамрагдаж буй 120 гаруй иргэн Мөрөн хотын төв талбайд үзэсгэлэнгээ гаргаж иргэдэд хийсэн бүтээснээ танилцууллаа.
Б.Гантуяа
МОН(9183): төсөл хэрэгжсэнээр 500 орчим ажлын байр бий болжээ |
|
Сэтгэгдэл бичих