Хөвсгөлд 11953 ахмад настан амьдарч байна
2019-10-03 23:34:38, 537
 Хөвсгөл аймгийн Ахмадын хорооноос Олон улсын ахмадын баярын өдрийг тэмдэглэв. Тус аймгийн хэмжээнд 11953 ахмад настан амьдарч байна. Ахмадын баярт Мөрөн сумын 14 багийн төлөөлөл болсон 1000 гаруй ахмад оролцлоо. Энэхүү үйл ажиллагааг аймгийн Засаг дарга Л.Ганболд нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын хөгжил дэвшил, хойч үеийнхээ ирээдүйн төлөө уйгагүй хөдөлмөрлөж зүтгэж ирсэн нийт ахмад буурлууд та бүхэндээ олон улсын ахмадын баярын мэндийг хүргэе. Бид “Ахмад настанд ээлтэй аймаг” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж, энэхүү бодлогын хүрээнд олон үр дүнтэй ажлуудыг хэрэгжүүллээ. 2018 оныг “Амьдрах орчноо сайжруулж, ахмад настнаа дэмжих” жил болгон зарлаж, та бүхэндээ зориулан 1,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг хийлээ. Хөвсгөл нуурын хөвөөнд орших “Эрчим-2” ахмадын амралт сувиллыг улсын болон орон нутгийн 800,0 сая, “Эрчим-1” амралт сувиллыг 130,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар тус тус ашиглалтад оруулснаар амралт сувилалд амрах ахмадын тоо өмнөх жилүүдээс 3 дахин өссөн. Мөн 80,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 24 сумын 29 чийрэгжүүлэх төвийг тоног төхөөрөмжөөр хангаж, ахмад настнуудын чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх, эрүүл мэндээ сайжруулах орчныг нэмэгдүүллээ. Харьяалалгүй ахмад настнуудыг төрийн байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангиудад хариуцуулснаар харьяалалгүй ахмадын тоог буурууллаа.12 сумын ахмадын өргөөний барилгыг шинээр ашиглалтад оруулж, ахмад настны хөгжих орчин сайжирч байна. Бид олон зүйлийг хамтдаа бүтээж, Хөвсгөл аймгийнхаа хөгжил, цэцэглэлтийн төлөө ажиллаж, хүн ардынхаа амьдралд чанарын өөрчлөлт гаргана гэдэгт итгэл төгөлдөр байна” гэдгийг онцолж байлаа.
 Б.Туяа 


Хөвсгөлд 11953 ахмад настан амьдарч байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0