Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хөвсгөл аймагт ажиллаж иргэд хөдөлдмөрчидтэй уулзалт хийв. Энэ үеэр иргэд “Цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх шаардлагатай, малын түүхий эд үнэгүйдсэн, Мөн 50 гаруй мянган хүн амтай Мөрөн сумыг хот болгох, эрчим хүчний үнэ нэмэгдэж ард түмэнд дарамт болж байна, Хатгал тосгоныг сум болгох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэж өгөх, "Аспайр майнинг" компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж өгөөч, "Могойн гол" компанийн асуудлыг судалж хариу өгөөч, төрөлжсөн сургалттай Авъяас сургуулийн барилга шаардлага хангахгүй орчинд хүүхдүүд хичээллэж байна” зэрэг тулгамдаж буй олон асуудлыг хэлж байв.Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан Мөрөн сумын хүн ам жилээс жилд өсч хүйтний улиралд томуугийн өвчлөл маш их нэмэгддэг. Иймээс Мөрөн суманд хүүхдийн эмнэлэгтэй болох шаардлагатай байна. Ирэх оны улсын төсөвт орон нутгийн хөрөнгө оруулалтын зардлыг шийдэж өгөх, Хилэнтийн гүүрээс Мөрөн хүртэлх замыг хатуу хучилттай болгох, Дулааны станцын асуудал зэргийг шийдвэрлэх өгөхийг хүсэв.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Хөвсгөлчүүд Хөвсгөл нуураа түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэх ёстой. Иймээс Ханхын боомтыг олон улсын болгох, мөн Мөрөн нисэх буудлыг олон улсын болгох нь чухал. Байгалийн сайхан бүрдсэн онгон дагшин газар нутгаа хайрлах хэрэгтэй. Би Бүрэнхааны фосфоритын ордыг хэзээ ч ухуулахгүй гэдгийг онцлоод хамгийн түрүүнд Мөрөн суманд 100 ортой хүүхдийн эмнэлгийг барих асуудал, Авьяас сургуулийн 320 хүүхдийн хичээлийн байрны өргөтгөлийн асуудлыг шийдвэрлэнэ. Аймгийн Засаг даргын зарим санал хүсэлтийг судалж байж хариу өгнө” гэдгийг хэллээ.Мөн иргэдээс хамгийн их ирсэн санал болох иргэн бүр банкны өр зээлтэй, тэр дундаа банкны хүү иргэдийн амьдралд маш их дарамт болж байна гэдэг энэ асуудал зөвхөн Хөвсгөлд биш Монгол Улсын хэмжээнд байна. Иймээс банк санхүүгийн зээлийн асуудал, банкны хүүгийн талаар судалж УИХ-д асуудал оруулахыг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгаланд үүрэг болгов.Төрийн албан хаагч хүн ард түмнээс авлига нэхдэггүй, ард түмнээ алагчлахгүй ядарсан хэн нэгэнд сайхан сэтгэлээр тусалж байх хэрэгтэй гэдгийг анхааруулж байв. Энэ үеэр иргэдийн гаргасан зарим санал хүсэлтэд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн нар хариулт өгөв.
Б.Гантуяа
Ерөнхий сайд Мөрөн суманд 100 ортой хүүхдийн эмнэлэг барих асуудлыг шийдвэрлэхээр болов |
|
Сэтгэгдэл бичих