Хѳвсгѳл аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар "Шинэ Мөрөн" хорооллын 135 айлын орон сууцны үнэ, журмыг батлав. Өөрөөр хэлбэл 135 айлын орон сууцны байрны 1м2 үнийг 1395,0 мянган төгрөгөөр тогтоож 5 жилийн хугацаанд /60 сар/ үнийн төлбөрийн 30 хувийг түрээсийн төлбөрийн хамт хуримтлуулан төлж, хугацааны эцэст үлдэх төлбөрийг бөөнөөр төлж өөрийн өмчлөлд шилжүүлэн авах шийдвэрийг гаргалаа. Зорилтот бүлгийн иргэдийг хямд орон сууцаар хангах зорилготой тус орон сууцыг түрээслэхдээ иргэд олон нийтэд аль болох хүндрэл багатай байдлаар зохицуулалт хийх, бодит мэдээллийг цаг алдалгүй өгч байхыг аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар Орон нутгийн өмчийн албаны дарга Б.Болдод анхааруулж байв.
Аймгийн Орон нутгийн өмчийн газраас түрээсийн орон сууцанд хамрагдах өрхийг сонгох, сонгон шалгаруулалт зохион байгуулах журмын танилцуулга, хэлэлцүүлгийг хийж 300 гаруй иргэн оролцсон байна. Иргэдийн саналыг журамд тусгаж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн баталлаа. Нийт 10 орчим тэрбум төгрөгийн өртөгтэй тус байрыг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, төрийн албан хаагч, 4 ба түүнээс дээш 18 нас хүртэлх хүүхэдтэй өрх, өрх толгойлсон эцэг, эх, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настан, залуу гэр бүл, гамшиг аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэд, хөгжлийн бэрхшээлтэй түүнийг халамжилдаг гэр бүл гэсэн зорилтот 8 бүлгийн иргэдэд түрээсээр өмчлүүлэх ажээ.
Б.Гантуяа
Түрээсийн орон сууцны үнэ журмыг баталлаа |
|
Сэтгэгдэл бичих