Л.Энх-Амгалан: Тусгай хамгаалалтад авах газар төмөр замтай давхцаж байна
2019-04-18 12:34:02, 644
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 2.1 хувиар нэмэхээр тусгасан “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолын төслийг гишүүдийн олонх дэмжиж, байнгын хорооны эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв.Тогтоолын төсөлд 9 аймгийн 29 сумын нутаг дэвсгэрийн 3.4 сая га талбайг хамарсан Говийн их “Б” хэсгийн дархан цаазат газар, Нөмрөгийн дархан цаазат газар, Монгол дагуурын “Б хэсгийн дархан цаазат газар, Отгонтэнгэрийн дархан цаазат газрын өргөтгөл, Дарьгангын байгалийн цогцолборт газар, Булган голын эх, Их Онгогийн байгалийн цогцолборт газар, Онгон таван булгийн байгалийн нөөц газрын өргөтгөлийг тусгай хамгаалалтад авахаар тусгажээ.
Мөн Тэсийн гол, Булнайн нурууг байгалийн цогцолборт газрын ангиллаар, Хөх нуур, Ташгайн таван нуур, Жаран тогооны тал А, Б хэсэг, Мэнэнгийн цагаан хоолой, Халхын таван уул, Баяндун уул, Улз голын эх, Гүн гашууны хоолой, Сутай хайрхан уул, Зотол хаан уул, Дулаан хайрхан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар, Цагаан дэлийн агуйг дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахаар тусгажээ.Дээрх газруудыг улсын тусгай хамгаалалтад авснаар байгалийн өвөрмөц тогтоц, унаган төрх, түүх, соёлын дурсгалууд болон 350 орчим зүйлийн ховор амьтан, ургамлыг хамгаалах боломж бүрдэнэ хэмээн үзэж байгааг УИХ-ын гишүүн А.Сүхбат танилцууллаа.
 
УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Нийт газар нутгийн 70 гаруй хувь цөлжилтөд өртөж, 300 гаруй зүйлийн ургамал, амьтан устах, олон зуун гол ус устах эрсдэлтэй байна. Энэхүү тогтоолын төслийг зарчмын хувьд дэмжиж байгаа ч тэдгээр газрыг тусгай хамгаалалтад авснаар, бодит үр дүн гарах эсэхийг асуув. Мөн тусгай хамгаалалттай газарт амьдарч байгаа малчид, малын бэлчээрийг хэрхэн зохицуулахыг тодруулав.
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахад ард иргэдэд хүндрэл учрахгүйг хэлсэн юм. 
 
Эл тогтоолын төслийг зарчмын хувьд дэмжиж байгааг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан онцлоод, Тусгай хамгаалалтад авах хоёр газар “Эрдэнэ Овоот”-ын төмөр замтай давхцаж байгааг сануулав. Энэхүү төмөр замын төсөлд концессын гэрээ өгөхдөө, УИХ-аар баталсан “төмөр замын бодлогын баримт бичиг”-ийг баримтлаагүйг хэллээ. Өөрөөр хэлбэл, УИХ зөвшөөрөөгүй байхад Засгийн газар концессын гэрээ өгсөн гэв.
УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, “Тусгай хамгаалалтад 22 газрыг авахаар төсөлд оруулж байгаа. Нэмээд найман газрыг оруулахаар, судалж байна. Өнөөдрийн байдлаар, улсын хэмжээнд 365 байгаль хамгаалагч ажиллаж байгаа ч 80 байгаль хамгаалагчийн орон тоо дутуу байгаа. Ноднингийн судалгаанаас харахад, байгаль хамгаалагч нарын зөрчил илрүүлэх, арилгах хувь өнгөрсөн жилүүдээс 20 хувиар өссөн гэдгийг БОАЖЯ-наас өгсөн. Тиймээс шинээр авах тусгай хамгаалалттай газруудад байгаль хамгаалагч томилох асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай. Мөн байгаль хамгаалах салбарын төсвийг нэмэх, сул орон тоог нөхөх шаардлагатай байна" гэв. Мөн тэрээр, тус тогтоолын төслийг боловсруулахын өмнө координатын давхцал байгаа эсэхийг тодруулсан ч УУХҮЯ, БОАЖЯ-наас давхцал байхгүйг хоёр удаа албан бичгээр мэдэгдсэн. Гэтэл төсөл боловсруулсны дараа ийм зүйл боллоо. Энэ нь яамдын харилцаа холбоо муу байгааг харуулж байна. Төмөр замын концессын гэрээг цуцлахад нөхөн төлбөр тусгасан байна. Нөхөн төлбөр гэж том дүн тавиад хуулийн төслийг “бойкотлох” хандлага байна. Гэхдээ энэхүү тогтоолын төслийг УИХ батлаад явах нь зөв. Ингэснээр тусгай хамгаалалттай газрыг төмөр зам тойрч явахаас өөр аргагүй болно” гэлээ.
 
 
 
Тусгай хамгаалалтад авах газарт нутаглаж байгаа малчид, малын бэлчээрийн асуудлыг боловсруулж, бодлого зохицуулалт хийх хэрэгтэйг УИХ-ын гишүүн С.Бямбацогт онцоллоо. Мөн иргэн, байгаль хамгаалагчдын уялдаа, холбоог сайжруулахад анхаарахыг хүсэв. Төмөр замын давхцал байхгүй гэж хоёр удаа албан бичгээр мэдэгдсэн ЗТХЯ, УУХҮЯ-ны холбогдох албан тушаалтнуудыг хариуцсан ажилдаа хариуцлагатай хандахыг мөн хэллээ.
Чуулганы үеэр УИХ-ын гишүүн Л.Болд, туул голыг тусгай хамгаалалтад авах эсэхийг тогтоолын төсөл боловсруулсан ажлын хэсгээс асуув.  
УИХ-ын гишүүн А.Сүхбат, Туул голыг хамгаалалтад авах асуудал удахгүй орж ирэхийг хэллээ. Тэрбээр, "Туул голын бохирдол тэрэлж, горхиос эхлэлтэй. Тухайн аялал жуулчлалын бүсийн бие засах газар, хогны асуудлаас эхлээд, Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн 70 хувийн бохирдолтой ус Туул голд орж байгаа. Улаанбаатар хотоос туул голын урсгал доор байгаа Төв аймгийн Лүн, Заамар зэрэг газрын ус маш бохирдолтой. Туул голыг гаталсан малын арьс өмөрч унаж байна. Гэтэл Туул голоос ундаалсан малын махыг бид идэж байгаа" гэлээ.
Төслийн ажлын хэсгээс, Туул голын ай савд байгаа аж ахуйн нэгжүүд, Богд ууланд хууль бусаар  үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдийн жагсаалтыг гаргахаа тэмдэглэв. Дээрх тогтоолыг баталснаар улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ 2.1 хувиар нэмэгдэж, улсын нийт газар нутгийн 19.8 хувийг хамрах юм.
 
С.Мөнхбаатар


Л.Энх-Амгалан: Тусгай хамгаалалтад авах газар төмөр замтай давхцаж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0