Ерөнхийлөгч Х.Баттулга 2222 хүүхдийн хамт "Тусгаар тогтнол" шүлэг уншлаа
2019-04-04 15:24:02, 621
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Их эзэн Чингис хааны хөшөөний өмнө, жанжин Д.Сүхбаатарын талбайд улаан, цэнхэр хувцас алаглуулан өмссөн хүүхдүүдийн хамт "Тусгаар тогтнол" шүлгийг уншлаа.  Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг жил бүрийн дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид уншдаг уламжлалын дагуу энэхүү ёслол болов.  
 
Нийслэлийн Баянгол дүүргийн “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн багш, ажилчдын санаачилгаар өнгөрсөн жил анх удаа 3 333 сурагч Монголын газрын газрын зургийн хэлбэрийг дууриалган зогсож энэ шүлгийг  уншиж байсан. Харин энэ жил Баянзүрх дүүргийн 92 дугаар  сургуулийн 2 222 сурагч монгол төрийн далбааны хэлбэртэй зогссон юм. 
 
 
 
IШүлэг уншсаны дараа Ерөнхийлөгч индэрт гарч, "Сайн байцгаана уу? Хүүхэд багачууд, хүндэт сурагчид аа.
 
Өнгөрсөн жил Нийслэлийн Баянгол дүүргийн “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн 3333 сурагч Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг Их эзэн Чингис хааны хөшөөний өмнө, жанжин Д.Сүхбаатарын талбайд анх уншиж, миний бие уг үйл ажиллагаанд хамтран оролцсон юм.
 
Тусгаар тогтнол хэмээх гүн утга, өргөн агуулгатай үг. Та бидний олон мянган жилийн түүх, соёл уламжлал, язгуур сэтгэлгээ, газар нутаг, хил хязгаар, баатарлаг тэмцэл, ололт амжилт, алдаа оноог шингээж байдаг. Тусгаар тогтнол хэмээх энэ үгэнд эх оронч өвгөд дээдсийн халуун амь, чин сэтгэл, хүсэл тэмүүлэл шингэж, бидний Монголын өнгөрсөн, одоо, ирээдүй бүтнээрээ багтсан байдаг.
 
Тусгаар тогтнол бол хүссэн үндэстэн бүрд олддоггүй эрхэм нандин боломж билээ. Хэдэн арван саяар тоологдох хүнтэй үндэстэн хэдэн зуун жилийн турш тэмцээд тусгаар тогтнож чадаагүй байгаа жишээ ч бий юм шүү. Гуравхан саяар тоологдох иргэдтэй ч дэлхийн хоёр том гүрний дунд туурга тусгаар, эрх чөлөөтэй оршин тогтнож байгаа Монгол Улсаараа бид бахархах ёстой.
 
Өнөө жил Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 92 дугаар сургуулийн 2222 сурагчийн хамт Монголын эрх чөлөө, тусгаар тогтнолыг өргөн дуулсан “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа. Хүүхэд багачуудад эх оронч, үндэсний үзлийг төлөвшүүлэхэд өнөөдрийн ёслол чухал ач холбогдолтой боллоо. Уламжлалт ажиллагаанд цаг зав, сэтгэл зүрхээ зориулан ирсэн бүгдэд баярлалаа" гэж хэлэв. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  шилжин явах цомыг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 122- р сургуулийн хамт олонд гардуулан өгөв.
 
“Тусгаар тогтнол” шүлгийн шилжин явах цом нь Монгол Улсын газрын зураг бүхий суурьтай, дөрвөн талт зэс цом юм байна. Цомон дээр "Тусгаар тогтнол" гэж бичсэнээс гадна, шүлгийг өнгөрсөн жил уншсан 3333, энэ жил уншсан 2222 хүүхдийг бэлгэдсэн тоог сийлсэн байна.
Ж.Батсайхан
 


Ерөнхийлөгч Х.Баттулга 2222 хүүхдийн хамт "Тусгаар тогтнол" шүлэг уншлаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0