Даян дээрхид мөргөж буй иргэдийг байгаль дэлхийгээ бохирдуулахгүй байхыг уриалж байна
2022-02-08 14:11:11, 720

 Даян дээрхийн агуйг сар шинийн 15-ны дотор зорин ирж Даян дээрхийн авралд багтсан хэн бүхэн гурван жилдээ барцад, нүглээ гөвж, ивээлд нь оршдог гэж бэлгэшээдэг учраас Монгол орны өнцөг булан бүрээс иргэд зорин ирдэг болжээ. Сүүлийн үед өдөртөө 70 гаруй машинтай 400 орчим сүсэгтэн зорин ирж байна.

Эрдэнэбулган сумын Засаг даргын тамгын газраас уул хангайгаа бохирдуулахгүй зөв зүйтэй мөргөл үйлдэхийг уриалсан самбар босгож ард иргэдэд санамж бичиг тарааж байна. Агуйд идээ будаа өргөлгүй, зөвхөн мөргөж залбиран, хүслээ шивнэн, мөнгө, хадгаа даллан аравнайлж, агуйн хананд хүргэн энерги авч буцахыг Эрдэнэбулган сумын Засаг даргын тамгын газраас уриалжээ.

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын төвөөс 35 километрийн зайд Үүрийн голын баруун цутгал Дээрх голын дунд хавьд зүүнээс нийлэх хавцал аманд Даян дээрхийн агуй байдаг. Агуйн аманд Даян дээрхийн хүрээ байдаг бөгөөд лам нар жил бүр уул, ус, хангай дэлхийдээ зориулан ном хурдаг байна.

Даян дээрх агуйн тухай домог өгүүлбээс:

Эрт урьд цагт эзэн Чингис хаан аян дайнд явж ирээд их найр хийж гэнэ. Тэр найранд их хөвчөөр нутагтай, Даян дээрх нэртэй баатар эр оролцож, эзэн хааны бага хатны үзэсгэлэнтэй сайхныг нь бишрэн харж байгаад, найр наадам хэвийх үед бага хатныг нь аван зугатжээ. Хаан наадам дээрээс бага хатныг нь аван зугтсаныг мэдээд араас нь хөөжээ. Ой хөвчөөр дамжин зугтаж, гүйцэгдэхийн үед хатныг нэгэн агуйд нууж, Даян дээрх өөрөө эгэлгүй нэгэн шидтэн байсан тул агуйн үүдэнд улаан чулуу болон хувирчээ.

Чингис хаан гүйцэж очоод, уурандаа тэрхүү улаан чулууг цавчсан боловч сэлэмний ир нь хальтирч далиу цавчигдсан гэнэ.Даян дээрх олон жилийн туршид уг агуйдаа булаан авсан бүсгүйн хамт амьдарч, тэр хавийн уул, ус, нутаг орны эзэн болсон гэнэ. Ийм учраас тэр онгон дагшин нутагт амьдардаг бүхий л хүн мал элбэг дэлбэг, тэнүүн сайхан амьдарсаар ирсэн ба нутгийн иргэд дээрх чулуун, агуйг Даян дээрхийн нэрээр нэрлэж, тахин шүтсээр ирсэн гэж өгүүлдэг ажээ.

Б.Алтантуяа 



Даян дээрхид мөргөж буй иргэдийг байгаль дэлхийгээ бохирдуулахгүй байхыг уриалж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-02-10 12:36:20
    Ch Badamdorj : hezee ingej ih ochdog bailaa manaihan dendvv ih tuulshirhiin neg negneesee dutachih gd bgaa ym shig uraldaal ywtsgaahiim daa