Сонгуулийн үед "COVID-19"-өөс сэргийлэх журам
2020-06-04 20:10:24, 823

Засгийн газрын 5 сарын 27-ны ээлжит хуралдаанаар УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн үед "COVID-19"-өөс сэргийлэх журмыг баталсан. Уг журмыг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2020 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЯВЦАД КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (КОВИД-19)-ЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЖУРАМ 

 

Нэг. Нийтлэг үндэслэл 

1.1. Энэ журмаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналт тавихтай холбоотой үүсэх харилцааг зохицуулна. 

1.2. Сонгуульд оролцож байгаа нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигч, түүний менежер, шадар туслагч, ухуулагч, ажиглагч, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, сонгуулийн хороодын ажилтан, иргэд сонгуулийн үйл ажиллагааны үед сонгуулийн хууль тогтоомж, Гамшгаас хамгаалах тухай, Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль болон энэ журмыг дагаж мөрдөнө. 

Хоёр. Баримтлах зарчим 

2.1. Сонгуулийн үйл ажиллагааны үед коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэхэд дараахь зарчмыг баримтална:

2.1.1. хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, халдвараас урьдчилан сэргийлэх; 

2.1.2. ил тод, хариуцлагатай байх; 

2.1.3. ялгаварлан гадуурхахгүй, гутаан доромжлохгүй байх; 

2.1.4. байгууллага хоорондын хамтын ажиллагааг хангах. 

Гурав. Нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны үед халдвараас сэргийлэх үйл ажиллагаа 

3.1. Нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн сурталчилгааны үед аливаа арга хэмжээ, сонгогчидтой хийх уулзалт, хурал, цуглааныг цахим хэлбэрээр зохион байгуулна. 

3.2. Цахим хэлбэрээр зохион байгуулах боломжгүй тохиолдолд аливаа арга хэмжээ, уулзалт, хурал, цуглаан зохион байгуулах байр, танхимыг урьдчилан цэвэрлэж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн байна. Арга хэмжээнд оролцогч хүн хоорондын зай 1,5 метрээс доошгүй байх бөгөөд биеэр хүрэлцэхгүй (гар барих, тэврэх, үнсэх) зайнаас харилцаж, оролцогчид амны хаалт заавал зүүсэн байна. 

3.3. Уулзалт, хурал, цуглааныг зохион байгуулах байр танхимд болон гадна талбайд оролцогчдыг суух боломж нөхцөлөөр хангас байрлуулсан байна. Хүн суух сандал хоорондын зай 1,5 метрээс доошгүй байна. 

3.4. Иргэд сонгуулийн сурталчилгааны уулзалт, хурал, цуглаан хийх байранд орох, эсхүл нийтийн эзэмшлийн гудамж, талбай, олон нийтийн газарт цугларах үед оролцогчдын биеийн халууныг хэмжиж, гар халдваргүйжүүлэх ажлыг тухайн нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигчийн менежер, шадар туслагч хариуцна. 

3.5. Сонгуулийн сурталчилгаа явуулах байр, танхимд орох, гарахад иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохион байгуулна. 

3.6. Танхимд хийх уулзалт, хурал, цуглааныг богино цагаар (нэг удаагийн уулзалт, хурал цуглаан 2 цагаас хэтрэхгүй) зохион байгуулна. 

3.7. Нийтийн эзэмшлийн гудамж, талбай, олон нийтийн газарт зохион байгуулах уулзалт, хурал, цуглаанд оролцогчдын хоорондын зай 1,5 метрээс доошгүй байх бөгөөд оролцогчид биеэр хүрэлцэхгүй (гар барих, тэврэх, үнсэх) зайнаас харилцана. 

3.8. Уулзалт,, хурал, цуглааны зохион байгуулах танхимын агаарыг 30 минут тутамд 10-аас доошгүй минутаар сэлгэж, уулзалт хооронд хатуу гадаргуу, техник, тоног төхөөрөмж, хэрэгслийг ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор сайтар цэвэрлэнэ. 

3.9. Уулзалт, хурал, цуглааны зохион байгуулах танхимын хаалганы бариул, явган болон урсдаг шат, цахилгаан шатны товчлуур, компьютер, утас, микрофон зэргийг 2 цаг тутам сайтар арчиж цэвэрлэнэ. 

3.10. Уулзалт, хурал, цуглаанд амны хаалтгүй хүн оролцуулахыг хориглоно. 

3.11. Сонгогч амны хаалтгүй тохиолдолд уулзалт, хурал, цуглаан зохион байгуулж байгаа нэр дэвшигч нэг ширхэг амны хаалтаар хангаж болох бөгөөд амны хаалт сурталчилгааны шинжтэй байхыг хориглоно. 

3.12. Нам, эвсэл, нэр дэвшигч сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалыг тараах үед нэг удаагийн бээлий өмсөнө. 

3.13. Сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалыг айл өрхөд тараах тохиолдолд гэр бүлийн гишүүдтэй харьцахгүйгээр, хаалганы гадна талд үлдээнэ. 

3.14. Нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгааны хугацаанд уулзалт, хурал, цуглаан хийсэн газар, цаг хугацаа, оролцсон хүний тоо, сурталчилгаа хийж явсан маршрутыг нотолсон бүртгэлийг хөтөлж, гэрэл зураг, эсхүл дүрс бичлэгээр 

баримтжуулах бөгөөд шаардлагатай тохиолдолд уг мэдээллийг эрх бүхий байгууллагуудад гаргаж өгөх үүрэгтэй. 

3.15. Сонгуулийн сурталчилгааны уулзалт, арга хэмжээнд 18 насанд хүрээгүй хүнийг оролцуулахыг хориглоно. 

3.16. Уулзалт, хурал, цуглааны дараа хэрэглэсэн амны хаалт болон бусад Хог хаягдлыг цуглуулж, битүүмжлэн зөвшөөрөгдсөн хогийн цэгт хаяна. 

Дөрөв. Нам, эвсэл, нэр дэвшигчийн ухуулах байранд халдвараас сэргийлэх үйл ажиллагаа 

4.1. Ухуулах байранд амны хаалтгүй хүн оруулахыг хориглох бөгөөд түүнд ажиллаж байгаа хүн бүр амны хаалт зүүсэн байна. Амны хаалтгүй ирсэн иргэдийг нэг ширхэг амны хаалтаар хангах бөгөөд амны хаалт нь сурталчилгааны шинжтэй байхыг хориглоно. 

4.2. Ухуулах байранд ороход хүний биеийн халууныг хэмжиж, гарыг спиртэн суурьтай уусмалаар халдваргүйжүүлнэ. 

4.3. Ухуулах байранд ажиллагсдын биеийн халууныг өдөрт 2-оос доошгүй удаа хэмжиж, бүртгэнэ. 

4.4. Ухуулах байранд хүн хооронд 1.5-2 метрийн зай барина. Иргэд хоорондоо биеэр хүрэлцэхгүй (гар барих, тэврэх, үнсэх) зайнаас харилцана. 

4.5. Ухуулах байранд иргэдийг суух боломж нөхцөлөөр хангасан сандлыг заавал байрлуулсан байна. Хүн суух сандал хоорондын зай 1.5 метрээс доошгүй байна. 

4.6. Ухуулах байранд чийгтэй цэвэрлэгээг 2 цаг тутамд хийж, 30 минут тутамд 10-аас доошгүй минут агаар сэлгэнэ. Ухуулах байрны гадна талбайг тогтмол цэвэрлэнэ. 

4.7. Ухуулах байранд ажиллаж байгаа иргэд нэг удаагийн бээлий өмсөнө. 

4.8. Ухуулах байранд 18 насанд хүрээгүй хүнийг оруулахыг хориглоно. 

4.9. Хэрэглэсэн амны хаалт, бээлий болон бусад хог хаягдлыг цуглуулж, битүүмжлэн зөвшөөрөгдсөн хогийн цэгт хаяна. 

Тав. Нам, эвсэл, нэр дэвшигчийн эрх, үүрэг 

5.1. Нам, эвсэл, нэр дэвшигч дараахь эрхтэй: 

5.1.1. коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, сахин биелүүлбэл зохих арга хэмжээний талаар эрх бүхий байгууллагаас мэдээлэл, зөвлөгөө авах; 

5.1.2. эрх бүхий байгууллагуудтай холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хамтран ажиллах; 

5.1.3. коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар эрх бүхий байгууллагуудад санал, хүсэлт гаргаж, шийдвэрлүүлэх, 

5.2. Нам, эвсэл, нэр дэвшигч нь дараахь үүрэгтэй: 

5.2.1. Сонгуулийн үйл ажиллагааны үед мэргэжлийн байгууллагаас коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар гаргасан журам, заавар, зөвлөмж, сэрэмжлүүлгийг сахин биелүүлэх 

5.2.2. ухуулах байр, уулзалт, сурталчилгааны үед коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах ажилтныг томилж, ажиллуулах; 

5.2.3. коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэхтэй холбогдон гарах зардлыг хариуцах. 

Зургаа. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах үед халдвараас сэргийлэх үйл ажиллагаа 

6.1. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 63.1-д заасан сонгогчоос зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагаанд сонгуулийн хэсгийн хорооны ажилтан, ажиглагч, цагдаагийн алба хаагч оролцоно. 

6.2. Санал авах ажиллагаанд оролцогчид хүн хооронд 1.5-2 метрийн зай барина. 

6.3. Сонгуулийн хэсгийн хорооны ажилтан гар халдваргүйжүүлэгчийг хариуцан авч явна. Санал авахын өмнө болон санал авч дууссаны дараа оролцогчдын гарыг халдваргүйжүүлнэ. 

6.4. Сонгогч болон санал авах ажиллагаанд оролцогч бүр амны хаалт зүүж, нэг удаагийн бээлий өмсөнө. Санал авах ажиллагааг зохион байгуулагчид нэг удаагийн улавч өмсөнө. 

6.5. Санал тэмдэглэх үзэг, зөөврийн бүхээг, зөөврийн битүүмжилсэн 

хураалт бүрийн дараа Спиртэн суурьтай халдваргүйжүүлэгч уусмалаар арчиж цэвэрлэнэ. 

6.6. Хэрэглэсэн амны хаалт, бээлий болон бусад хог хаягдлыг цуглуулж, битүүмжлэн авч явж, зөвшөөрөгдсөн хогийн цэгт хаяна. 

Долоо. Санал авах байранд сонгогчийн санал авах үед халдвараас сэргийлэх үйл ажиллагаа 

7.1. Санал авах байранд сонгогчийн санал авах үед халдвараас сэргийлэх үйл ажиллагааг сонгуулийн хэсгийн хорооны бүрэлдэхүүн, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан, мэдээллийн технологийн даамал, үйлчлэгч, ажиглагч болон мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой байдал, эрүүл мэнд, нутгийн захиргааны байгууллагын алба хаагч нар хамтран зохион байгуулж, хяналт тавина. 

7.2. Санал авах байрыг урьдчилан цэвэрлэж, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна. 

7.3. Санал авах байранд орох, гарахад иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохион байгуулна. 

7.4. Сонгогчийг санал авах байранд орох үед биеийн халууныг хэмжиж, гарыг халдваргүйжүүлэн, амны хаалтгүй бол нэг ширхэг амны хаалт олгоно. 

7.5. Санал авах байрны гадна болон дотор хүн хоорондын зайг 1,5 метрээс доошгүй байхаар зохион байгуулна. Оролцогчид биеэр хүрэлцэхгүй (гар барих, тэврэх, үнсэх) зайнаас харилцана. 

7.6. Сонгогч гарын хурууны хээг уншуулж, гарыг дахин халдваргүйжүүлсний дараа олгосон бээлийг өмсөж саналаа өгнө. 

7.7. Сонгогч бүртгэл хийлгэх үед амны хаалтыг түр авна. 

7.8. Сонгогч санал авах байрнаас гарахдаа бээлийг зориулалтын хогийн саванд хаяж, гарыг халдваргүйжүүлнэ. 

7.9. Санал авах байрны агаарыг 30 минут тутамд 10-аас доошгүй минутаар сэлгэнэ. 

7.10. Санал авах байранд хатуу гадаргууг 2 цаг тутам ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор сайтар цэвэрлэнэ. Ухуулах байрны гадна талбайг тогтмол цэвэрлэнэ. 

7.11. Санал авах байрны хаалганы бариул, явган болон урсдаг шат, цахилгаан шатны товчлуур, Компьютер, утас зэргийг 2 цаг тутам сайтар арчиж цэвэрлэнэ. 

7.12. Санал авах байранд 18 насанд хүрээгүй хүн дагуулж ирэхийг хориглоно. 

7.13. Хэрэглэсэн амны хаалт, бээлий болон бусад хог хаягдлыг цуглуулж, битүүмжлэн авч явж, зөвшөөрөгдсөн хогийн цэгт хаяна. 

Найм. Нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаа, санал авах ажиллагааны явцад сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах арга хэмжээ 

8.1. Сонгуулийн сурталчилгааны болон санал авах үеэр халуурах, ханиалгах, бөөлжих, гүйлгэх, толгой, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрсэн хүнийг сэжигтэй тохиолдол гэж үзнэ. 

8.2. Сэжигтэй тохиолдлыг мэдээлэх, тусгаарлах арга хэмжээ авах үүрэг бүхий ажилтанг ухуулах байранд болон сонгуулийн сурталчилгааны үеэр нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигч, санал авах байранд сонгуулийн хэсгийн хорооны дарга урьдчилан томилно. 

8.3. Танхимд болон нийтийн эзэмшлийн гудамж, талбай, олон нийтийн газарт сэжигтэй тохиолдлыг бусдаас 8-10 метрийн зайд тусгаарлана. 

8.4. Сэжигтэй тохиолдлын талаар нийслэлд Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 100, 80086829, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн 119 дугаарт, орон нутагт хамгийн ойр байгаа эрүүл мэндийн болон цагдаагийн байгууллагад мэдээлнэ. 

Ec. Эрх бүхий байгууллагуудын хамтын ажиллагаа 

9.1. Хууль тогтоомж болон энэ журмыг хэрэгжүүлэх хүрээнд холбогдох эрх бүхий байгууллагууд хамтран ажиллана. 

9.2. Энэ журмын 9.1-д заасан эрх бүхий байгууллага гэдэгт Сонгуулийн ерөнхий хороо, улс, аймаг, нийслэл, сум, дүүргийн Онцгой комисс, нутгийн захиргааны байгууллага, эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, тагнуул, мэргэжлийн хяналтын байгууллага хамаарна. 

9.3. Эрх бүхий байгууллагууд хууль тогтоомж, энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж, шуурхай арга хэмжээ авч ажиллах үүрэгтэй. 

Арав. Хариуцлага 

10.1. Энэ журмыг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хууль болон бусад холбогдох хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ. 

 



Сонгуулийн үед "COVID-19"-өөс сэргийлэх журам