Орон нутгийн сонгуулиас 60 хоногийн өмнө шилжих хөдөлгөөнийг зогсооно
2020-01-24 22:18:17, 506
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан тэргүүтэй дөрвөн гишүүний өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа чуулганд танилцуулав. Төслийн ажлын багаас зарчмын зөрүүтэй 94, найруулгын таван багц санал бэлтгэснийг өчигдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар санал хурааж шийдвэрлэжээ.  Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, М.Энхболд, С.Жавхлан, Ц.Гарамжав, Д.Эрдэнэбат, Х.Баделхан, М.Оюунчимэг, Ц.Цогзолмаа нар ажлын багаас асуулт асууж, тодруулсан. Гишүүдийн асуултад ажлын багийн ахлагч Х.Нямбаатар, төсөл санаачлагч гишүүн Л.Энх-Амгалан, СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн нар хариулсан.  Хуулийн төсөлд, нэр дэвшигч нь 5 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна гэж тусгасныг наймдугаар сарын 1-нээс гэж өөрчлөхөөр болсон. Мөн  хуулийн төсөлд сонгуулийн сурталчилгааны хугацаа 22 хоног байсныг 15 хоног болгосон гэж тайлбарлалаа. Харин ажлын багийн ахлагч Х.Нямбаатар, Сонгуулийн өмнөх иргэдийн шилжих хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, дараах өдрөөс сэргээнэ гэж зохицуулсан. Өөрөөр хэлбэл, иргэдийн шилжих хөдөлгөөнийг наймдугаар сарын 15-наас зогсоож 10 дугаар сарын 15-наас нээх аж. 
Б.Амирлан 


Орон нутгийн сонгуулиас 60 хоногийн өмнө шилжих хөдөлгөөнийг зогсооно

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0