Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9-р багийн малчин Батсүхийн Сэнгээ нь мал аж ахуйн салбарт сүүлийн 23 жил тасралтгүй малчнаар ажиллаж байгаа бөгөөд тус сумаас тодорч байгаа анхны Улсын аварга малчин юм. Түүний шагналыг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Мөрөн сумын ИТХ-ын дарга Б.Нямдаваа, Мөрөн сумын Засаг дарга Ц.Гансүх нар малчны хотонд ирж гардуулан өглөө. Б.Сэнгээ нь 2017 онд аймгийн аварга малчнаар шалгаран шагнагдаж байсан.
Мал аж ахуйн салбарт ажиллахдаа нутгийн иргэдийг ажлын байраар хангах цөөн малтай өрхийг малжуулахад ихээхэн анхаарч сүүлийн 3 жилд 66 толгой малыг олгосноос гадна 7-10 хүнийг түр ажлын байраар хангаж, 1 хүнийг байнгын ажлын байраар хангаж иржээ.
Мөн мал сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулах ажлыг эрчимтэй зохион байгуулж Дархадын цагаан адуу, Ууцан сүүлт хонь, Эрчимийн хар ямаа, Хоргорогын монгол үхэр зэргийг өсгөн үржүүлж ашиг шимийн үзүүлэлтийг сайжруулан зах зээлд нийлүүлж байгаа хөдөлмөрч хүн юм. Мөрөн сумын малчид мал сүргээ таван төрөл дээр өсгөн үржүүлж 286.624 толгой мал тоолуулж өмнөх оноосоо 49298 толгойгоор өсгөжээ.
Б.Гантуяа
Мөрөн сумаас анх удаа Улсын аварга малчнаар тодорсон Б.Сэнгээ шагналаа гардан авлаа |
Сэтгэгдэл бичих