Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Улсын хэмжээнд “Мал бүртгэлжүүлэлтийн аян”-ыг зохион байгуулж байна. Хөвсгөл аймаг 1 омог, 4 үүлдэрийн баталгаажсан малтай бөгөөд 6 дахь хошуу мал цаан сүргээ 100 хувь ээмэгжүүлж бүртгэлд хамруулах ажил үргэлжилж байна. Малын гарал үүслийг тодорхойлох, чанарыг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх, үржил селекцийн ажил үйлчилгээг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр явуулахын гол үндэс суурь нь малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх асуудал юм.
Тус аймгийн хэмжээнд үржилд ашиглаж байгаа 32512 толгой хээлтүүлэгч, баталгаажсан үүлдэр, омгийн малын цөм сүрэгийн 5 сумын 22 малчин өрхийн 3800 толгой малыг хувийн дугаартай болгон бүртгэлжүүлж, мэдээллийн нэгдсэн санд бүртгэх ажээ. Аян нь мал сүргийг бүртгэлжүүлэх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж, баяжуулах, хяналт тавих тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх мөн улсын хэмжээнд мал сүргийг хувийн дугаартай болгож, мэдээллийн нэгдсэн санд бүртгэх, мал бүртгэлжүүлэх ажлын үр дүн, ач холбогдлыг сурталчлан таниулах зорилготой юм. Тодруулбал ОХУ-тай хил залгаа сумдын бод малыг ээмэгжүүлэх арга хэмжээг хил хамгаалах газар, сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтэй хамтран хил зөрчихөөс урьдчилан сэргийлэх, зөрчсөн тохиолдолд бүртгэлээр дамжуулан тодорхойлох боломжийг бүрдүүлэх арга хэмжээг сурталчлах гэнэ. Мөн мал сүргийг ээмэгжүүлэх аяны хүрээнд аймаг сумдын Цагдаагийн тасагтай хамтран мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд Холбогдох мэргэжлийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлж, хамтран ажиллах “Санамж бичиг” байгуулах ажээ.
Б.Гантуяа
Мал бүртгэлжүүлэх аяны хүрээнд Цаан сүргийг ээмэгжүүлж байна |