Хөвсгөл аймагт 11637 толгой мал хорогдоод байна. Үүнд хонь 4659, ямаа 4461, үхэр 1780, адуу 737 буюу нийт малын 0,2 хувь нь хорогджээ.
Жаргалант суманд хамгийн их буюу 2255 мал хорогджээ. Тус аймгийн Баянзүрх, Жаргалант, Рэнчинлхүмбэ, Улаан-Уул, Цагааннуур, Цагаан-Уул, Цэцэрлэг, Ханх гэсэн 8 суманд малын зүй бус хорогдол нэмэгдэж хаваржилт хүндэрч болзошгүй байгаа аж.
Аймгийн Засаг даргын захирамжаар дансны үнээр 23,0 тн хүчит тэжээл, 288,7 тн өвс ногоон тэжээлийг сумдад олгосон. Мөн мал хамгаалах сангаас төлийн нэмэлт тэжээл авахаар 8,0 сая төгрөгийг шийдвэрлэсэн байна. Мал төллөж эхэлж байгаа учраас хүчит тэжээл үнэгүй болон хөнгөлөлттэй үнээр олгуулах, сум орон нутгийн удирдлага, малчид иргэдийн зүгээс тэжээлийн ургамал тариалах санаачилга их гарч байгаа тул техник тоног төхөөрөмж болон үрийн дэмжлэг үзүүлэх хүсэлтийг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яаманд хүргүүлээд байна гэдгийг Хөвсгөл аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Эрхэмбаяр мэдээллээ.
Б.Гантуяа
Хөвсгөлд 11000 гаруй толгой мал хорогджээ |