Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Засаг дарга Х.Энхтүвшин мэндчилгээ дэвшүүллээ
2018-12-31 13:29:09, 872
Чандмань-Өндөр сумынхаа нийт иргэд болон Монгол орныхоо дөрвөн зүг найман зовхист  ажиллаж амьдарч сурч байгаа уугуул иргэддээ угтан золгож байгаа 2019 оны шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлж, аз жаргал, амжилт бүтээл, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.  2018 он- дэвшүүлж тавьсан зорилтуудаа бүрэн дүүрэн хэрэгжүүлсэн, сум орныхоо хөгжил дэвшилд болон хүн ардынхаа ажиллах амьдрах орчинг сайжруулахад чиглэсэн, олон арван хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийгдсэн, мөн олон томоохон арга хэмжээ, үйл ажиллагаанууд амжилттай зохион байгуулагдсан он болж өндөрлөж байна. 2019 онд үүнээс дутуугүй ажил, амьдрал өрнөсөн, олон бүтээлч ажил, арга хэмжээ явагдах болно. Өнгөрсөн жил өнтэй сайхан өвөл, хавар болж, дэлгэр сайхан зун, намар үргэлжилж малчин түмний маань уйгагүй хөдөлмөр зүтгэлээр, ард иргэдийн маань амьжиргааны нэг гол эх үүсвэр болсон, эрдэнэт мал сүрэг маань анх удаа 70,000 толгойд хүрч өссөнийг дуулгахад таатай байна. Аж ахуйн нэгж байгууллагуудын маань ашиг орлого аривжин шинэ ажлын байр олноор нэмэгдэж, аймаг сумандаа төвлөрүүлэх татвар хураамжаа бүрэн биелүүлж, төсвийн байгууллагууд амжилт ололтоор дүүрэн, сум маань төсвийн өргүйгээр шинэ онтойгоо золгож байна.
2018 онд эхэлсэн 320 хүүхдийн хичээлийн барилга 2019 онд ашиглалтанд орж, 100 хүүхдийн цэцэрлэгийн шинэ барилгын ажил эхэлж, хүүхдийн ая тухтай сурах орчин бүрдсэн сайхан жил болно. Одоогоор 62 ширхэг тоонд хүрээд байгаа гудамжны гэрэлтүүлгээ нэмэгдүүлж, айл өрх, албан байгууллагуудыг гаднаа гэрэлтэй болгоход зохих дэмжлэг үзүүлж, гэрэлтэй Чандмань хөтөлбөрөө үргэлжлүүлнэ.
2018 онд амжилттай хэрэгжүүлж эхэлсэн, хашаа хөтөлбөр, жишиг хороолол, Булнайн рашааны тохижилтоо үргэлжлүүлж шинээр бүх багуудад засвар тохижилт, дэд станц 04-ийн шугам, бохирын зөөврийн машин бохирын цооног, худаг, айл өрхийн хаягжуулалт, нийтийн биеийн тамирын талбай, төсвийн байгууллагуудад шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт хийгдэж, эмзэг бүлгийн олон арван айл өрхийн орон гэрний нөхцлийг сайжруулан, хөдөлмөр эрхлэлтийг дэмжин иргэдийг олноор нь төсөл хөтөлбөрт хамруулах гэх мэтчилэн олон бүтээлч ажлуудыг хийхээр үндсэн чиглэл төсөвтөө тусгаад байна. 
 2018 онд хамгийн том арга хэмжээ болсон Алунгоо эхийн сургаалийн 4 дэх баяраа өргөн дэлгэр сайхан зохион байгуулсны зэрэгцээ, анх удаа улсын чанартай ширээний теннисний тэмцээн зохиогдож, мөн анх удаа аймаг бүсийн чанартай хурдан морьдийн уралдаан болж, анхны морин аялалын маршрут тогтоох, сум орноо суртачлах аялал амжилттай болж, энэхүү маршрут БОАЖ-н яамаар батлагдаж, Хайрхан толгой багийн 10-н жилийн ой, өргөн дэлгэр болсон гээд энэхүү томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулсан, дэмжиж тусалсан хандив өргөсөн, биечлэн оролцсон бүх байгууллага хүмүүстээ гүн талархал дэвшүүльеээ.
2019 онд болох томоохон арга хэмжээ бол мөрийн хөтөлбөрт тусгагдасны дагуу аймагт Чандмань-Өндрийн хөдөлмөр, урлаг спорт сурталчилгааны 3 хоногийг амжилттай зохион байгуулах жил хүлээж байгаа. 2019 онд хүн нь эрүүл, мал нь эрүүл, хоол хүнс нь эрүүл, байгаль экологи нь эрүүл, хүүхэд залуучуудын хүмүүжил, зан үйл нь эрүүл, хүн ардын маань сэтгэлгээ хандлага нь эрүүл байхад чиглэсэн “Эрүүл – Чандмань” хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд ахиц дэвшил гарсан жил байх болноо гэж зорьж уриалж байна.Чандмань сайхан нутаг орон маань улам хөгжих болтугай, та бүгдийн маань амьдрал ахуй улам дэвшин дээшилж , төр нь төвшин түмэн олон амгалан, эв эетэй энх тунх байхын ерөөл өргөе.
 


Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Засаг дарга Х.Энхтүвшин мэндчилгээ дэвшүүллээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0