"АЛУНГОО ЭХИЙН СУРГААЛИЙН БАЯР"-ЫГ ДӨРӨВ ДЭХ УДААГАА ТЭМДЭГЛЭНЭ
2018-05-28 10:53:04, 848
Хөвсгөл аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын эвент арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан "Алунгоо эхийн сургаалийн баяр"-ын 4 дэх арга хэмжээг энэ оны 7 сарын 28-30-ны өдрүүдэд Чандмань-Өндөр суманд тэмдэглэн өнгөрүүлэх тухай тогтоол гаргалаа.
Тус баярыг Чандмань-Өндөр сумын Засаг дарга Ч.Энхтүвшингийн санаачлагаар анх Чингис хааны мэндэлсний 840 жилийн ой тохиосон 2002 онд анх тэмдэглэснээс хойш өргөжин тэлсээр аялал жуулчлалын эвент арга хэмжээ болжээ.
"Монголын нууц товчоо"-нд бичсэнээр Алунгоо бол Чингисийн алтан ургийнхны дээд эмэг эх буюу монгол аймгийн захирагч байсан Добу мэргэний гэргий юм. Түүний эцэг нь хорь түмдийн ноён Хорилдай мэргэн, Алунгоо Добу мэргэний гэргий байхдаа Бэгүнэтэй, Бэлгүнүтэй гэдэг 2 хөвгүүн төрүүлсэн. Добу мэргэнийг нас барснаас хойш Буха Хатаги, Бухату-салжи, Бодончар мунхаг гэдэг гурван хүү төрүүлжээ. Алунгоо эх 5 хөвгүүнээ зэрэгцүүлэн суулгаж, хүн бүрд нэжгээд сум өгч үүнийг хугал гэхэд нь бүгд амархан хугачиж орхив. Бас 5 сумыг нийлүүлж багцлаад хугал гэж өгвөл тавуулаа дараалан оролдоод хугалж эс чадав. Алунгоо эх:

"Та нар ганц ганцаар салбал нэжгээд сум мэт хялбархан дийлэгдэх болно. Эв эеэ нэгтгэвэл тэр багласан сум мэт бөх болж хэнд ч хялбар дийлдэхгүй" гэж сургажээ.

Алунгоо нь нүүр махлаг өргөн, шүд тэгш цагаан, нүд уужим, хамар өчүүхэн өндөр, үс хийгээд бие гоо үзэсгэлэнт, дуу яруу, бие нарийн, тэгш шулуун, биелэг чанар бүрдсэн хэмээн их түүхч хамба Ишбалжир бичиж үлдээжээ. Чандмань-Өндөр сумын нутгаар дамнан урсдаг Аригийн гол бол Алунгоо хатны уугуул нутаг ус гэж  манай түүхч эрдэмтэд үздэг. Энэ нутагт Алунгоо хатантай холбоотой хууч яриа, гол усны домог цөөнгүй байдаг. 1992 онд Алунгоо хатанд зориулж, 3м өндөр хөшөөг Аригийн голын өмнө этгээдийн  Тарагны овоо гэдэг бяцхан өндөрлөг дээр босгожээ. Хөшөөний эх загварыг зураач, барималч Ц.Цэдэн-иш зохиож, өөрөө урлажээ. Хөшөө сумын төвөөс 12 км зайд байрладаг ажээ.
 


"АЛУНГОО ЭХИЙН СУРГААЛИЙН БАЯР"-ЫГ ДӨРӨВ ДЭХ УДААГАА ТЭМДЭГЛЭНЭ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0