Алунгоо эхийн сургаалын баяр болно
2023-04-27 16:04:42, 923
Хөвсгөл аймагт зочлох жилийн хүрээнд 7 дугаар сард Алунгоо эхийн сургаалын баярыг тэмдэглэнэ.
 
Тус баярыг Чандмань-Өндөр сумын Засаг дарга Ч.Энхтүвшингийн санаачилгаар Чингис хааны мэндэлсний 840 жилийн ой тохиосон 2002 онд анх тэмдэглэснээс хойш өргөжин тэлсээр аялал жуулчлалын эвент үйл ажиллагаа болжээ.Монголын нууц товчоонд бичсэнээр Алунгоо бол Чингисийн алтан ургийнхны дээд эмэг эх буюу монгол аймгийн захирагч байсан Добу мэргэний гэргий юм.
 
Түүний эцэг нь хорь түмдийн ноён Хорилдай мэргэн, Алунгоо Добу мэргэний гэргий байхдаа Бэгүнэтэй, Бэлгүнүтэй гэдэг 2 хөвгүүн төрүүлсэн. Добу мэргэнийг нас барснаас хойш Буха Хатаги, Бухату-салжи, Бодончар мунхаг гэдэг гурван хүү төрүүлжээ.
 
Алунгоо эх 5 хөвгүүнээ зэрэгцүүлэн суулгаж, хүн бүрд нэжгээд сум өгч үүнийг хугал гэхэд нь бүгд амархан хугачиж орхив. Бас 5 сумыг нийлүүлж багцлаад хугал гэж өгвөл тавуулаа дараалан оролдоод хугалж эс чадав. Алунгоо эх:
 
"Та нар ганц ганцаар салбал нэжгээд сум мэт хялбархан дийлэгдэх болно. Эв эеэ нэгтгэвэл тэр багласан сум мэт бөх болж хэнд ч хялбар дийлдэхгүй" гэж сургажээ.
 
Чандмань-Өндөр сумын нутгаар дамнан урсдаг Аригийн гол бол Алунгоо хатны уугуул нутаг ус гэж  манай түүхч эрдэмтэд үздэг. Энэ нутагт Алунгоо хатантай холбоотой хууч яриа, гол усны домог цөөнгүй байдаг.
 
1992 онд Алунгоо хатанд зориулж, 3м өндөр хөшөөг Аригийн голын өмнө этгээдийн Тарагны овоо гэдэг бяцхан өндөрлөг дээр босгожээ. Хөшөөний эх загварыг зураач, барималч Ц.Цэдэн-Иш зохиож, өөрөө урлажээ. Хөшөө сумын төвөөс 12 км зайд байрладаг ажээ.
 
Б.Гантуяа 


Алунгоо эхийн сургаалын баяр болно

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-07-27 08:26:13
    ?????: Чингис хааны ээж гэцгээгээд л явна...сайтар судлах хэрэгтэй дээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-04-27 19:54:20
    Зочин: Энэ 5 сумны сургааль Алунгоо хатнаас өмнө Нирун гүрнээс эхтэй сургааль шүү