Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын захирамжаар орон нутагт голомттой бүс нутгаас олон иргэн ирсэн тул коронавирүсний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ сарын 23-ны өдрийг хүртэл орох, гарах хөдөлгөөн, сумын доторх авто тээврийн хөдөлгөөнийг хориглосон байна. Тус суманд Улаанбаатар хотоос буюу голомттой бүсээс нийт 122 хүн ирсэн байна.
Голомттой бүсээс ирсэн эдгээр хүмүүсийн өвчин тээх нууц үе буюу хамгийн сүүлд ирсэн иргэний 14 хоногийн хугацаа 2 дугаар сарын 23-нд дуусах хүртэл хязгаарлалтыг тогтоожээ.
Эрсдэл өндөр байгаа үед иргэдийг бөөгнөрч сар шинийн баяр тэмдэглэхгүй, голомттой бүсээс ирсэн иргэн, гэрээсээ гарах, гэртээ хүн урих, гэр бүлийн гишүүд нь гадуур гарах, бөөгнөрөл үүсгэж, халдвар хамгааллын дэглэмийг зөрчихгүй байх зорилгоор сумын 6 цэгт хөдөлгөөнт эргүүл, 200 гаруй төрийн албан хаагч хяналт тавин ажиллаж байна. Отор нүүдэл, эрүүл мэнд, буяны ажил, хүнс тээвэрлэлт зэрэгт холбоотой иргэд сумын Онцгой комиссоос тусгай зөвшөөрөл авч зорчуулж байна гэдгийг Жаргалант сумын Засаг дарга Ц.Бямбажав мэдээллээ.
Б.Гантуяа
Жаргалант суманд орох, гарах хөдөлгөөнийг энэ сарын 23 хүртэл хоригложээ |