Хөвсгөл аймагт өнгөрсөн зун хур бороо оройтож, наймдугаар сард хур тунадас ихтэй байснаас хадлангийн гарц муудаж малчид өвс, тэжээлийг өмнөх жилээс муу бэлтгэсэн.
Өнөөдрийн байдлаар 6 сумын 14 багт мал бэлчээрт идэх өвсгүй болж өвөлжилт хүндэрч байна. Тухайлбал Ханх, Цагааннуур, Рэнчинлхүмбэ, Улаан-Уул, Баянзүрх, Цагаан-Уул суманд намар эрт цас орж хайлж мөстсөн, 12 дугаар сарын сүүлийн 10 хоногт хүйтний эрч эрс чангарсны улмаас өвөлжилт хүндрэхэд нөлөөлсөн байна.
Аймгийн Засаг даргын захирамжаар зудын эрсдэлийн үнэлгээ хийх ажлын хэсэг дээрх сумдад ажиллаж, Ханх сумыг их эрсдэлтэй, Цагааннуур, Рэнчинлхүмбэ, Улаан-Уул, Баянзүрх сумыг дунд эрсдэлтэй гэж үнэлсэн байна. Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр тус сумдад аймгийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөөс өвс, ногоон тэжээл 164,7 тонн, хүчит тэжээл 23 тонныг хуваарилан олгоод байна гэдгийг аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Б.Нарантуяа мэдээллээ.
Б.Туяа
Хөвсгөл аймгийн 6 сумын 14 багт өвөлжилт хүндэрч байна |