Хөвсгөл аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчид “Эрдмийн баяр”-ын өдрөө сумын төвөөс зүүн хойш 20-оод километрийн зайтай Хэцүүгийн дөрөлж дээрх домогт нисдэг Х.Гэлэнхүүгийн чулуун суварга орчмын газрыг цэвэрлэн иж бүрэн тохижуулжээ.
Жил бүрийн хавар төгсөх ангийн сурагчид “Эрдмийн баяр”-аа тэмдэглэдэг. Гэхдээ анги хамт олноороо зугаалах, зоогийн газарт орох зэрэг арга хэмжээнд хамрагддаг. Харин “Жаргалант сумын 9 болон 12-р анги төгсч буй 130 гаруй төгсөгчид эцэг эхчүүдтэйгээ хамтран баярын өдрөө байгаль дэлхийгээ цэвэрлэж сургуулийнхаа орчимд мод бут тарьсан нь өмнөх жилүүдэд болж байгаагүй онцлог арга хэмжээ боллоо. Жаргалант сумын ерөнхий боловсролын сургуульд 1075 хүүхэд суралцаж байгаа бөгөөд 12-р ангийн 4 бүлгийг 96 сурагч төгсч байгаа” гэдгийг Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Ц.Пүрэвжал мэдээллээ.
Хайзангийн Гэлэнхүү Жаргалант суманд ХХ зууны эхээр амьдарч байжээ. Тэрээр нутгийнхаа Дүнтэрийн цохио хэмээх 170-аад метр өндөр хадан хясаан дээрээс далавч хийж ниссэн домогт хүн юм. Х.Гэлэнхүү багадаа хүрээ хийдэд шавилан сууж байсан боловч шашин номтой тэрсэлдсэн хэмээн хөөгдөж, хөдөө гарч амьдарчээ. Тэрбээр бага залуудаа элдвийн юм хийж явсандаа гэмшиж, сэтгэлийн цөвөө арилгах, буян үйлдэхийн тулд тус суваргыг бүтээсэн гэдэг.
ЭРДМИЙН БАЯРААРАА “ГЭЛЭНХҮҮГИЙН СУВАРГА” ОРЧМЫГ ЦЭВЭРЛЭЖ, ТОХИЖУУЛЛАА |
|
Сэтгэгдэл бичих