Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын иргэдийн өмнө тулгамддаг гол зүйл бол ундны усны асуудал юм. Тус сумын төвийн худгийн ус унданд шууд хэрэглэх боломжгүй амт үнэртэй, мах чанахаар улайдаг, цай сүлэгддэггүй учраас 2014 онд Таван толгойн чанарын шаардлага хангасан гүний худгийг ашиглалтад оруулснаар 14 км-т байрлах Мөсөн түрүүний булгаас усаа зөөдөг байсан бол 2,5 км-т байрлах Таван толгойн гүний худгаас зөөвөрлөж байгаа юм. Тэгвэл ирэх онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Таван толгойн гүний худгаас 2,5 км ган хоолойгоор сумын төв рүү ус татахаар болжээ. Сумын төвийн албан газрууд болон төв усан санг цэвэр усаар хангаснаар ус зөөврийн асуудал бүрэн шийдвэрлэгдэх юм. Цагаан-Уул сум 6500 гаруй хүн амтай ба өвлийн улиралд сумын төвд 3000 орчим иргэн амьдардаг юм. Тэд 2,5 км газраас ундны усаа зөөвөрлөн уудаг бөгөөд 1 литр ус 5 төгрөг байдаг ажээ.
Б.Гантуяа
Цагаан-Уул сумын иргэдийн ундны усны асуудлыг ирэх онд бүрэн шийдвэрлэнэ |
|
Сэтгэгдэл бичих