Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төслөөс “Цасны баяр-2019” арга хэмжээг Рэнчинлхүмбэ сумын хойд талын Зөөлөн ууланд 2019 оны 2 дугаар сарын 28-нд 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулжээ.
Тус баяр нь Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн сум суурин болох Хатгал, Ханх, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Алаг-Эрдэнэ сумдын нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, өвлийн аялал жуулчлалын эвент арга хэмжээг нэмэгдүүлэх, түүгээр дамжуулан нутгийн иргэд ашиг орлого олж болох гарцыг нээх, гадаад, дотоодын жуулчдыг татах, Дархадын хотгорын онгон дагшин үзэсгэлэн төгөлдөр байгальд тогтвортой, байгалийн болон адал явдалт аялал жуулчлал хөгжүүлэх, дархад, тува болон буриад, урианхай, хотгойд, халх иргэд эрс тэс уур амьсгалтай энэ нутагт зохицон амьдарч ирсэн уламжлалт заншил өв соёл хийгээд амьдралын хэв маяг, цасан дундах спортын уралдаан тэмцээнийг хэрхэн зохион явуулж буйг олон нийтэд таниулах зорилготой юм. Цасны баярт төслийн удирдлагын нэгжийн менежер, хэрэгжүүлэгч нэгжийн мэргэжилтнүүд, Рэнчинлхүмбэ сумын 140 төрийн албан хаагч 500 гаруй нутгийн иргэд, аж ахуй нэгжийн төлөөллүүд, гар урчууд, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, хөгжөөн дэмжигчид, ардын авъяастнууд Алаг-Эрдэнэ, Чандмань-Өндөр, Ханх, Хатгал, Улаан-Уул, Цагааннуур сумын төлөөлөл, ардын авъяастан иргэд Герман, ОХУ, Англи, Америк орнуудын 14 жуулчин, авто аялалын 50 гаруй дотоодын аялагч гэрэл зурагчид, ойролцоох сумдын малчид иргэд сонирхогчид зэрэг 1300 орчим хүн оролцож үзэж сонирхсон байна.
Энэ үеэр цасан дээрх спортын болон, уралдаант танин мэдэхүйн 12 төрлийн тэмцээн болж дүнгээ гарган нийлбэр дүнгээр Улаан-Уул сум тэргүүлж цом өргөмжлөл шагналын эзэд болсон байна. Мон 9183 төслөөс “Цасны баяр”-ыг зохион байгуулснаар Дархадын хотгор чиглэсэн өвлийн аялал жуулчлалын шинэ маршруттай болж “Хөх сувд-2019” мөсний баяртайгаа уялдан өвлийн аялал жуулчлалын багц үйлчилгээ нэмэгдэж байгаа төдийгүй нутгийн иргэд аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлж тодорхой ашиг орлого олсон зэрэг бодит үр дүнгүүд гарч эхэлсэн гэдгийг нутгийн иргэд онцолж байлаа.
Ийнхүү олон ястны өлгий болсон Хөвсгөл нутгийн онцлог, эрс тэс уур амьсгальтай энэ нутагт амьдарч ирсэн уламжлалт заншил, өв соёл хийгээд, цас,цаа хоёрын зохицол амьдралын хэв маягийг олон нийтэд сурталчилж, Аатанхтай хөлбөмбөг, гар бөмбөг, сумо, чавх, олс таталт, буухиа гүйлт, үндэсний хувцас, Хааг цанын уралдаан, Цааны уралдаан зэрэг олон төрлийн тэмцээн наадам болжээ.
Мөн энэ үеэр оролцогч багууд Урц, гэр зэргийг барьж цаатан, малчин, нүүдэлчин иргэдийн ёс заншлыг харуулсан байна.
Б.Гантуяа
Мон 9183 төслөөс “Цасны баяр”-ыг зохион байгуулснаар Дархадын хотгорыг чиглэсэн өвлийн аялал жуулчлалын шинэ маршруттай болжээ |
|
Сэтгэгдэл бичих