-Танд Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар томилогдсонд баяр хүргэе. Шинэ ажлаа юунаас эхэлж, ямар ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна ?
- За баярлалаа. “Хөвсгөлийн өнгө” сайтын нийт уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе. Төрийн хяналтын багц хуулийг хэрэгжүүлэх Монгол улсын төрөөс УИХ, Засгийн газраас гарч байгаа хууль тогтоомжуудыг орон нутагт хариуцаж хэрэгжүүлэх хариуцлагатай ажил албыг хүлээж авлаа. Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхээс гадна нийт ард иргэдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах нь Мэргэжлийн хяналтын байгууллагын гол чиг үүрэг юм. Хүмүүс эрүүл аюулгүй тав тухтай орчинд амьдрах эрхтэй үүнийг мэргэжлийн хяналтын байгууллага бүрдүүлж өгөх учиртай. Хяналтыг хуулийг сахиулан, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэглэх, хүний болон нийгмийн тогтвортой хөгжил, бизнес эрхлэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд анхааран олон ажлыг хийж хэрэгжүүлэхээр бодогдож байна. Дөнгөж ажил эхэлж буй болохоор одоогоор төлөвлөлтийн шатандаа байна. Шинэ удирдлагын хувьд хэд хэдэн зүйлд бодлого төлөвлөлтөнд нэмэлт өөрчлөлт оруулах болно. Хөвсгөл аймгийн хувьд хэд хэдэн асуудал бий. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас уул уурхайгүй аймаг болно гээд бүх газар нутгаа тусгай хэрэгцээнд авсан. Гэсэн хэрнээ уул уурхайн олборлолт, тээвэрлэлт, борлуулалт, зах ээлд нийлүүлж байгаа байдал нь нийтлэг эрх ашигт, нийгэмд сөрөг нөлөө үзүүлж байгаа тал гарч байгаа учраас уул уурхайн зохистой хандлага руу Мэргэжлийн хяналтын байгууллага анхаарлаа хандуулж ажиллана.Тухайлбал Нүүрстэйн аманд байгаа нүүрс олборлолтын асуудал олон нийтийн болон иргэний нийгмийн байгууллагын тэмцэлд хүрч байж зогсож байх жишээний. Хууль эрх зүйн хувьд тусгай зөвшөөрөл нь хуулийн шаардлага хангахгүй анхан шатны багийн иргэд нийтийн хурлаас санал аваагүй, тухайн газар нутагт амьдарч байгаа иргэд дэмжээгүй байхад олборлолт, ашиглалтын лиценз шууд олгогдоод явж байна. Нүүрстийн аманд дэлхийд ховор тооцогдох хиргисүүрийн цогцолбор бүхий соёлын өв дурсгал хадгалагдаж буй газар. Соёлын өвийн тухай хуулиар хамгаалагдсан бүс нутаг. Дэлгэрмөрөн голын ай сав газрын асуудал байна. Баялагаа ашиглаж ашиг орлого олохоос илүү байгаль орчинд сөрөг нөлөөгүй байх нь нийтлэг эрх ашиг учраас үүнд хяналт тавьж ажиллана. Мөн Могойн голын уурхайгаас нүүрс тээвэрлэж Эрдэнэтээр дамжуулан гадаад зах зээлд гаргаж байна. Үүнийг тээвэрлээд ашиг орлогоо нэмэгдүүлээд олсон мөнгөөрөө аймаг орон нутгаа хөгжүүлж төсөв бүрдүүлж явах нь нэг талдаа зөв асуудал. Нөгөө талаас тээвэрлэлтийн асуудлыг стандарт горимонд нь оруулахгүй бол Дэлгэрмөрөн голын төмөр бетонон гүүрийн хотойлт хэвийн хэмжээнээс нэмэгдсэн тулгуурууд дээр ан цав гарсан сөрөг байдлууд бий болсон байна. Цаашид байнгын хүнд даацын машинаар тээвэрлэлт хийвэл Хилэнтийн гүүр эрсдэлд орох аюултай нөхцөл үүссэн. Мөн Хөвсгөлчүүдийн 90 жилийн мөрөөдөл болж байсан Булган, Мөрөн чиглэлийн хатуу хучилттай зам эвдрэлд орох, цаашид ашиглах боломжгүй болох олон нийтийн эрх ашиг зөрчигдөх байдал үүсэхээс урьдчилан сэргийлж энэ сарын 7-оос 4-р сарын нэгэн хүртэл Могойн голоос Хилэнтийн гүүрээр Мөрөн, Булган-Эрдэнэтийн чиглэлд нүүрс тээвэрлэх үйл ажиллагааг Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлт актаар зогсоож байна. Энэ нь цаашид төрийн байгууллага хувийн хэвшилтэй хамтран ажиллаж нийтийн эрх ашигт сөрөг байдал үүсгэхгүйгээр нүүрсээ яаж тээвэрлэх зах зээлд борлуулах вэ ? гэдэг гарцыг олох асуудал үлдэж байна. Хамгийн гол нь хувийн хэвшлийн ашиг орлогыг хязгаарлах, алдагдалд оруулах байдал бий болгох, бизнесийн сөрөг нөлөө үзүүлэх бодлого төрийн байгууллагад байхгүй гэдгийг онцолж хэлмээр байна.
-Хөвсгөл аймаг аялал жуулчлалын тулгуур төв гэгддэг. Гэвч аялал жуулчлалын салбарт хэл ам дагуулсан олон асуудал байгаа шүү дээ ?
-Тиймээ. Хөвсгөл аймаг аялал жуулчлалын жишиг аймаг болж хөгжих учраас аялал жуулчлалын стандартыг мөрдөх учиртай. Хувийн хэвшилтэй хамтарч зохицуулах, шийдэх асуудал их байна. Зөвшөөрөлгүй газар олголт, олон жил хөрөнгө оруулалт хийхгүйгээр хадгалагдаж буй газрууд руу анхаарлаа хандуулна. Аялал жуулчлалын үйлчилгээ эрхэлж буй баазууд орчин үеийн чиг хандлагад чиглүүлэх асуудлыг төрийн хяналтын байгууллага хувийн хэвшилтэй хамтарч хийнэ. Дараагийн нэг анхаарах асуудал махны үйлдвэр. Манай аймаг оны эцэст улсад мал сүргийн тоо толгойгоор тэргүүллээ. Энэ нь эдийн засгийн бааз суурь зах зээлд өрсөлдөх чадамж өсч байгаа юм. Нөгөө талаас үүнийг дагаад Хөвсгөл аймагт махны үйлдвэрүүд олноор баригдсан. Эрүүл ахуйн шаардлага хангасан байгаль орчинд сөрөг нөлөөгүй мал сүргийн бүтцэд сөрөг нөлөөгүй байх тал дээр хяналтын байгууллага анхаарлаа чиглүүлнэ. Махны үйлдвэрүүд дайвар бүтээгдэхүүн боловсруулах цехүүдийг байгуулах хэрэгтэй байна. Хонины толгой, сүүл болон өвчүүг хогийн цэг дээр хаяж, мал бэлтгэх аргаа монгол уламжлалаас өөр нийгэмд сөрөг нөлөө үзүүлэхээр бэлтгэж байгаад иргэд ихээхэн дургүйцэж байна. Хувийн хэвшил дайвар бүтээгдэхүүний цех байгуулвал түр ажлын байр нэмэгдэнэ, зах зээлд дайвар бүтээгдэхүүнээр хийсэн бууз баншийг борлуулах боломж бүрдэнэ.
-Шинэ он эхэлж байна. Анхаарч ажиллах онцлог ямар ажлууд байна. Энэ талаар тодруулбал ?
-2019 он бол Хөвсгөлчүүдийн хувьд онцлог жил болно. Засгийн газрын бодлогоор УИХ-ын гишүүдийн тойрогт хуваарилсан төсвийн хөрөнгө оруулалт болох мөнгөний эрхийг аймагт шилжүүлэх бодлого явж байна. Энэ бодлого хэрэгжвэл манай аймгаас сонгогдсон 3 гишүүний орон нутгийнхаа хөгжлийн төлөө шийдвэрлүүлж чадсан 100 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шилжин ирснээр олон барилга байшин, зам, гүүр, гэрэлтүүлэг зэрэг хүний сайн сайхан амьдралын төлөө сайн үр дүнтэй бүтээн байгуулалт болох ёстой. Энэ бүтээн байгуулалтад хяналтын байгууллага эхнээс нь дуусан дуустал нь хяналт тавьж чанартай үр дүнтэй хөрөнгө оруулалт болгоход хариуцлагатай хандах шаардлагатай болж байна. Хувийн хэвшил, гүйцэтгэгч компани, Худалдан авах ажиллагаа, хяналтын байгууллагууд зэрэг олон олон салбар дундын хамтын ажиллагаагаар хөрөнгө оруулалтыг чанартай, хүртээмжтэй, үр дүнтэй сайн ажил болгож чадна гэж бодож байна. Үүний төлөө анхаарч ажиллах болно. Дараагийн анхаарах асуудал бол Хөвсгөл аймаг аймгуудын өрсөлдөх чадварын судалгаагаар жил бүр байнга хойгуур явдаг хоёр үзүүлэлт бий. Нэг нь Эрүүл мэндийн салбарын асуудал 19-р т явж байна. Манай аймгийн Эрүүл мэндийн салбарт эмч нарыг давтан сургах, дунд мэргэжилтэнийг давтан сургах, тоног төхөөрөмж хөрөнгө оруулалтын ажил маш сайн хийгдэж байна. Гэсэн хэдий ч эмч нарын чанар хүртээмж муу, эмчилгээ, үйлчилгээ тааруу хүнд сурталтай байна гэж нийгмийн сэтгэл зүй доогуур үнэлсэн асуудал байдаг. Үүний учир шалтгаан бол стандартыг мөрдөж чадаагүйтэй холбоотой юм. Тухайлбал өнөөдөр Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасагт 36 өвчтөнд 1 сувилагч үйлчилж байна. Ачаалал хоёр дахин нэмэгдсэн стандартаас давсан байна. “Мэс засал” гэдэг бол асаргаа сувилгаа хийж байж эм тариа хийдэг онцлог салбар шүү дээ. Энэ дээр стандартыг мөрдөж дунд мэргэжилтэний тоог нэмэгдүүлэх нэг сувилагчид оногдох өвчтөний ачааллыг бууруулж байж ажлын чанар хүртээмж нэмэгдэнэ. Нярайн тасаг дээр 4 сувилагч дутуу байна. Энэ асуудлыг аймгийн бодлогод тусгаж суурь асуудлыг шийдээд явах нь манай хяналтын байгууллагын оролцоотой ажлын нэг гэж үзэж байна. Нөгөө тал дээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар жил бүр сургууль баригдаж байна. Ирэх жил УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын тойрог дээр өөрийнх нь оролцоотой хөрөнгийг нь шийдвэрлүүлж чадсан 620 хүүхдийн сургууль баригдана. Гэвч зарим нэг сургууль дээр анги дүүргэлт 22, нөгөө сургууль дээр 45 байгаа юм. Энэ нь стандарт шаардлагыг жигдэлж өөрчлөх, багшид оногдох ачааллыг бууруулах гэрэлтүүлэг, агааржуулалт, сурагчдын сурч боловсрох эрүүл ахуйн орчин нөхцөл бүрдүүлэх шаардлагатай байгаа тул энэ тал дээр анхааран ажиллана. Энэ бол нийгмийн бухимдал, шүүмжлэл, анхаарлын дунд байгаа асуудал учраас хуулийн хүрээнд зөв зохистой шийдвэрлэж, хувийн хэвшилтэй зөв бодлогоор хамтран ажиллаж асуудлыг шийдвэрлэх тал дээр онцгой анхаарах болно.
- Авлигатай тэмцэх газар Хөвсгөл аймагт ажиллаад гаргасан дүгнэлтэнд “Мөрөн суманд зохих зөвшөөрөлгүй атлаа шатахуун түгээх станц барьж ашиглалтад оруулсан байхад аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар болон Мэргэжлийн хяналтын газар зөрчлийг тухайн үед нь таслан зогсоогоогүй, улсын комисс хүлээж аваагүй байхад үйл ажиллагаа явуулсан хэвээр байгаа тул шаардлагатай арга хэмжээг авах, мөн аймгийн хэмжээнд хийгдэж буй газар олголт, ашиглалтын үйл ажиллагаанд дотоод хяналтыг сайжруулах, хуулийг ялгаваргүй нэг мөр хэрэгжүүлж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад анхааруулав” гэсэн байдаг. Энэ тал дээр таны байр суурь ?
- “Ниргэсэн хойно нь хашгирав” гэдэг асуудлууд мэр сэр байна.Төрийн байгууллагуудын уялдаа холбоо хамтын ажиллагаа сайнгүй байсны улмаас ийм сөрөг үр дүн гарч ирж байна. Хяналтын байгууллага нь чиг үүрэгт байхгүй мөртлөө мэдээлэл аваагүй байхад газар олгосон байх жишээний. Газар авсан гэдэг утгаараа хөрөнгө оруулалт хийж обьект босгосон, хувийн өмч хөрөнгө босцон нөхцөлд хяналтын байгууллага очиж нураах эрх зүйн чадамжгүй байх зэрэг ийм олон нөхцөл байдал байна. Ер нь хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг салбар дундын оролцоотой төрийн байгууллагууд хамтарч нэгдсэн нэг бодлогоор анхнаас нь хянаад чанартай сайн үр дүнтэй барилга байгууламж барьж чанартай хөрөнгө оруулалт болгох нь хамгийн зөв арга барил юм. Тус тусдаа асуудлыг шийдээд бие биетэйгээ уялдаагүй байхын сөрөг тал хяналтгүй юм шиг харагдах нөхцөл байдлыг үүсгэж байна гэж бодож байна.
- Удахгүй сар шинийн баяр болно. Хүнсний захын гадуур ил задгай худалдаалж байгаа бараа бүтээгдэхүүн, тэр тусмаа мах эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгаад олон иргэд бухимдаж манай сайтад хандаж санал, хүсэлтээ ирүүлж байгааг танд уламжлая ?
- Зах ээлийн багтаамж цар хүрээгээр аймгуудын өрсөлдөх чадвараар Хөвсгөл аймаг тэргүүлж явдаг боломжит хүчин чадал бүрдсэн аймаг гэж яригддаг. Ер нь манай нийгэмд худалдаа үйлчилгээний салбар сүүлийн гучаад жил хамгийн их бүтээн байгуулалт өрнүүлсэн салбар гэж би боддог. Том супермаркет, ресторан, зоогийн газар, захууд гэх мэт. Бид Нарантуул явж асуудлаа шийддэг байсан цаг ард үлдэж орон нутагтаа шийддэг болсон. Гэхдээ эрүүл аюулгүй байх, хүнсний чанарын асуудал, орчин үеийн соёл хөгжлийн чиг хандлагын дагуу байх энэ тал дээр асуудлууд бий. Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газар энэ оны хяналт шалгалтын график, ажлын төлөвлөгөөгөө гаргаж байна. Цагаан сар болох гэж буйтай холбогдуулан урьдчилан сэргийлэх, эрсдлээс хамгаалах хяналт шалгалтыг хийнэ. Зөрчлийн асуудлуудыг тогтоож арга хэмжээ авна. Олны анхаарлын төвд байгаа зарим асуудлыг аймаг орон нутгийн удирдлагуудтай хамтарч бодлогын хүрээнд аймгийн Засаг даргын зөвлөл, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлэх болно.
- Танд баярлалаа. Амжилт хүсье.
- Баярлалаа. Цаашид “Хөвсгөлийн өнгө” сайтаар дамжуулан Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагаа, хийж хэрэгжүүлж буй ажлын мэдээ, мэдээлэл зэргийг тогтмол хүргэж ил тод нээлттэй хамтран ажиллах болно.
Б.Гантуяа
Хөвсгөл аймгийн МХГ-ын дарга А.Эрдэнэбаатар: “Могойн голоос Булган, Эрдэнэтийн чиглэлийн нүүрс тээвэрлэлтийг энэ сарын 7-оос эхлэн зогсооно” гэв |
|
Сэтгэгдэл бичих