Дуучин, хөгжмийн боловсролын багш, МУСТА, Жигжидийн Баясгалан: Дуу хөгжмөөр хөглөгдсөн он жилүүддээ талархая
2018-10-13 12:45:06, 4042
Аялгуут сайхан дуу хуур эгшиглэсэн газар аз жаргал тэнгэрлэг гэгээн бүхэн хурдаг гэдэг. Дуу хөгжмийн тэнгэрлэг аялгуунд хөглөгдсөн он жилүүддээ талархан  анхны уран бүтээлийн тоглолтоо хийх гэж байгаа Дуучин, хөгжмийн боловсролын багш, МУСТА,  Жигжидийн Баясгалантай ярилцлаа. 
 
-Таны анх урлагт хөл тавьж байсан  дурсамжаас хоёулаа яриагаа эхэлье
1976 онд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд 8-р ангид суралцаж байлаа. Энэ үед Соёлын ордон шинэчлэгдэж шинэ театртай болно гээд аймгаас Б.Даваадорж багш тэргүүтэй хүмүүс ирчихсэн шалгаруулж авч байсан. Энэ шалгаруулалтанд орж тэнцсэнээр урлагийн зам минь нээгдсэн юм. Анх Гарам Лхамжав гэдэг багш маань хуучир хөгжим зааж өгч байлаа. 1978 онд цэрэгт очоод шинэ цэрэг Цэргийн үлээвэрт орж байсан. Багаасаа л дуртай байсан болохоор дуу, хөгжмийг хаана  ч явсан орхихгүй нөхөрлөсөөр боловсрол соёлын салбарт 42 жил ажиллаж байна. 
- Тоглолтоо яагаад “Талархал” гэж нэрлэсэн бэ ?
Туулж өнгөрүүлсэн энэ л амьдралын минь он жилүүд дуу хуураар хөглөгдсөн, олон сайхан хамт олонтой мөчүүд байлаа. Би улсад 42 жил ажиллахдаа 25 жил тасралтгүй багшилсан байна.Олон сайхан авъяаслаг шавь нараараа бахархах дуртай. МУСТА О.Баянмөнх, Б.Жавхланбаатар, С.Гантогоо, Ч.Баасансүрэн гээд олон хүнийг нэрлэж болно. Би мэргэжилдээ, хамт олондоо, шавь нартаа, гэр бүлдээ, энэ л амьдралдаа талархаж явдаг. Иймээс л тоглолтоо “Талархал” гэж нэрлэсэн. 
 
- Өмнө нь уран бүтээлийн тоглолт хийж байсан уу та ?
Намайг МУСТА болоход “Эрдмийн далай” сургуулийн Д.Цогтоо захирал санаачилж хүүхдүүдтэйгээ хамтарч тоглолт хийж байсан. Бие дааж хийж байгаагүй “Талархал” тоглолт анхных. Шавь МУСТА О.Баянмөнх маань тоглолтоо хийгээч гэсэн анхны санааг гаргаж гэр бүлийхэн маань дэмжээд тоглолтоо хийхээр болсон. Их догдолж байна. Сэтгэл минь их хөөрч байна. Сайхан тоглолт болно гэдэгт итгэлтэй байгаа.
- Таны зохиосон сайхан дуунууд байдаг. Хэд орчим уран бүтээлд ая зохиосон бэ ?
Би олон дуунд ая хийж байсан. Харин бүжгийн нэг л ая зохиосон юм байна. “Уралдаанч хүүхэд” гэдэг бүжгийн ая. Харин 40 гаруй дуунд аялгуу хийсэн. Тоглолтон дээр  охин, хүү болон шавь нар минь дуулна. Охиндоо зориулсан дуугаа би өөрөө дуулна.Уран бүтээлүүдийг маань хүрэлцэн ирж сонирхоорой гэж  Хөвсгөлчүүдийгээ урьж байна.
 
- Танай гэргий бас  урлагийн хүн. Гэр бүлээ танилцуулаач 
Миний ханийг Санжмятавын Саранцэцэг гэдэг. “Авъяас” сургуульд Шанз хөгжмийн багш. Манайх 3 хүүхэдтэй. Том хүү мужаан хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Дунд хүү Б. Алтанхуяг Дуурь бүжгийн Эрдмийн театрт гоцлол дуучин. Охин аймгийн ИТХ-д ажилладаг. Бүгд л дуу хөгжимд дуртай шүү.
 
- Гэргийтэйгээ танилцаж байсан нандин дурсамжаа хуваалцаач 
Ханьтайгаа 1982 онд танилцаж байлаа. Тэр үед хань маань Галт суманд клубын эрхлэгч байсан. Аймагт нэг удаа уралдаан болоход анх харж байсан. Удаа ч үгүй драмд орж ирсэн. Нүдээрээ инээсэн хөөрхөн төрхөнд нь шууд татагдсан шүү. /инээв/ Ингэж л танилцаж байлаа. Бид ханилаад 36 жил болжээ.
Хадмууд болон миний аав ээж бүгд урлагт дуртай. Өвгөдийн минь буян юм даа гэж дотроо баярлаж явдаг. Энэ дашрамд үр хүүхдийг минь өсгөн хүмүүжүүлж хазайхад минь тулж энэ олон жилүүдэд түшиг минь болсон ханьдаа маш их баярлалаа. Чамдаа хайртай шүү. Чинийхээ буянаар өдий зэрэгтэй яваа шүү гэдэг чин сэтгэлийн үгээ хэлмээр санагдлаа. Би ханийхаа  халамж үр хүүхдийнхээ хайранд жаргаж явнаа. Миний бахархал та нар минь юм шүү. /уйлав/ 
 
- Багш хүн хүүхэд шиг уяхан болдог гэж ярьдаг . Та санал нийлэх үү ? 
- Тиймээ. Би 24 жил хичээлийн шинэ жилийн нээлт, хонхны баярын арга хэмжээнд оролцсон байна. Сүүлийн үед нас ахиад ирэхээр сэтгэл их догдолдог болж. Заримдаа баярын нулимс унагах жишээтэй. Уяач хүн багш хүн хоёр их төстэй юм. Морь нь сайн давхиад ирэхээр уяач нар яаж баярладаг билээ. Түүн шиг багш хүн шавиа уралдаан тэмцээнд орохоор өөрийнхөө хүүхэд шиг л догдлох юм. Хүүхдийн их энерги сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, уяхан болгодог юм байна. Би шавь нартаа хүүхдүүддээ их хайртай. Тэд нараараа бахархах дуртай шүү. /Инээв/ 
-Та их олон төрлийн хөгжим тоглож харагддаг. Тоглолтон дээр хичнэээн төрлийн хөгжим тоглох вэ ?
 Би ямаха, төгөлдөр хуур, морин хуур, хуучир, суух хуур зэргийг тоглодог. Тоглолтон дээр харин ямар хөгжим тоглохоо нууцлая.Ирээд үзээрэй. 
Баярлалаа. Таны уран бүтээлийн “Талархал” тоглолтонд амжилт хүсье.
Баярлалаа. Миний анхны бие даасан “ Талархал” уран бүтээлийн тоглолт аймгийн бөхийн өргөөнд 2018 оны 10 сарын 15-нд 21 цагаас ганцхан удаа болно. Үе үеийн шавь нар, ах дүү найз нөхөд нутгийн зон олон та бүхэн өргөнөөр хүрэлцэн ирж үзээрэй. Нэгэн орой дуу хөгжмийн дулаан энергинд хамтдаа сэтгэлийн цэнгэл эдэлцгээе гэж урьж байна.
Баярлалаа таньд уран бүтээлийн их амжилтыг хүсье.
 
Тоглолтын өмнө завгүй үед цөөн хором хөөрөлдсөн бидний яриа ийнхүү өндөрлөв. Анхны уран бүтээлийн тоглолт гээд Баясаа багш маань завгүй, их догдолж буй нь илт байлаа. Тэрээр олон мянган хүүхдүүдэд хичээл зааж хөгжмийн боловсрол олгосон багш хүн. Олон жил багшилхаар их уяхан болох юмаа гээд нүдний аягандаа мэлтгэнэх нулимсаа барьж олон олон шавь нараараа омогшиж бахархаж байв.  Энэ л хүний шавь нь болж хөгжмийн боловсрол эзэмшиж байсан уншигч авхай та Баясаа багштайгаа холбогдохыг хүсвэл 8838-6002 дугаартайг сайтын хамт олон уламжилж байна. 
 
 Б.Гантуяа 
 


Дуучин, хөгжмийн боловсролын багш, МУСТА, Жигжидийн Баясгалан: Дуу хөгжмөөр хөглөгдсөн он жилүүддээ талархая

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-10-13 19:47:36
    ?.??????: амжилт хүсье багшаа