Л.Ганболд: Хөвсгөл аймгийг Монгол Улсын аялал жуулчлалын тулгуур төв болгоно
2019-06-14 13:10:19, 1468
Монгол орны хойморт орших Хөвсгөл аймаг аялал жуулчлалыг хөгжүүлэн, уул уурхайгүй аймаг болох зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Энэ онд аймгийн хэмжээнд хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, ямар бүтээн байгуулалт өрнөж байгаа талаар Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдоос тодрууллаа.
 
 
-Энэ жил Хөвсгөл аймгийн хэмжээнд хэдэн төгрөгийн бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Шинээр хэчнээн барилга байгууламж ашиглалтад орох вэ?
 
-Хөвсгөл аймгийн хувьд жилээс жилд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил нэмэгдсээр байна. Энэ онд шинээр сургууль, цэцэрлэг дотуур байр, эрүүл мэндийн төв зэрэг 26 байгууламж шинээр барьж байна. Өнгөрсөн жил ажил нь эхэлсэн 16 барилга байгууламж ашиглалтад орох бөгөөд нийтдээ 90 гаруй тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй бүтээн байгуулалт өрнөж байна. Мөн олон улсын байгууллагын төсөл хөтөлбөрөөр 66 орчим тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 11 орчим тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй Мөрөн хотын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил удахгүй эхэлнэ. Хувийн хэвшил аж ахуйн нэгжүүд ч томоохон хөрөнгө оруулалт хийн худалдаа үйлчилгээний төв, үйлдвэр зэргийг барьж байгуулан бүтээн байгуулалт өрнөсөн жил болж байна.
 
-Хөвсгөл аймаг аялал жуулчлалын тулгуур төв болох зорилт дэвшүүлсэн. Аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр ямар бүтээн байгуулалт хийж байна вэ?
 
-Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг Эрхэлийн хөндийд байдаг уртраг, өргөрөгийн 50:100 огтлолцлын цэгт гадна дотны аялагч иргэдэд зориулсан "Аялал жуулчлалын цогцолбор" байгуулж байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажил дуусч байна. Энэ сарын сүүлээр ашиглалтад орно. Тус цогцолборт орон нутгийн онцлогийг харуулсан хөшөө дурсгал, явган хүний зам, гэрэлтүүлэг, задгай театр, гүүр зэргийг байгууллаа. Дэлхийд уртраг өргөрөгийн 4 огтлолцлын цэг байдаг бөгөөд Энэтхэгийн далай, Номхон далай гэсэн усан дотор хоёр нь, Канадын хурдны зам дээр нэг нь нөгөөх нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг Эрхэлийн хөндийд байдаг. Энэ нь хүн очиж үзэх боломжтой цорын ганц огтлолцлын цэг учраас сүүлийн үед Хөвсгөл нуурыг зорин ирж байгаа гадна, дотны зочид, жуулчид сонирхон ирдэг болсон учраас бид иж бүрэн тохижуулаад дуусч байна.
 
 
-Аялал жуулчлалын улирал ирж байна.  Өнгөрсөн жил аялал жуулчлалын үйлчилгээг сайжруулах хэрэгтэй байна гэсэн асуудал гарч байсан.
 
-Тиймээ. Үйлчилгээ бол маш чухал юм. Бид аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд хүндээ хүрсэн үйлчилгээг хүргэх хэрэгтэй. Иймээс аялал жуулчлалын салбарт ажиллаж байгаа ажилтан албан хаагч, боловсон хүчнийг чадавхжуулах зорилгоор БОАЖЯ, аймгийн ЗДТГ, Аялал жуулчлал ур чадварын сургалтын төвтэй хамтран Хөвсгөл аймгийн аялал жуулчлалын салбарын үйлчилгээг сайжруулах, хүний нөөцийн чадамжийг дээшлүүлэх тогооч, хөтөч, үйлчлэгч зэрэг 10 мэргэжлээр орон нутагтаа үнэ төлбөргүй сургалтыг онол, дадлага хосолсон хэлбэрээр явуулж 230 гаруй иргэн хамрагдлаа. Хоймор нутгийг зорин ирсэн гадаад, дотоодын аялагч иргэдэд хүрэх үйлчилгээ сургалтын үр дүнд ээлтэй болно гэдэгт итгэлтэй байгаа. Удахгүй БОАЖЯ-ны ажлын хэсэг манай аймагт ирж аялал жуулчлалын салбарт авах арга хэмжээний талаар хамтарч ажиллана. Хувийн хэвшил аж ахуйн нэгжүүд ч стандарттай аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр тодорхой хөрөнгө оруулалтыг хийж ажиллаж байна. Цаашид ч аялал жуулчлалын салбарт олон ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байгаа.
 
-Монгол Улсад анх удаа “2000 цааны баяр”-ыг тэмдэглэх гэж байна. Энэ баярын онцлогийн талаар тодруулбал?
 
-Хөвсгөл аймаг бол 6 хошуу малтайгаараа онцлог. 6 дахь хошуу мал болсон цаан сүргийн тоо толгой жилээс жилд өсөн нэмэгдэж 2300 гаруй болсон. Ирэх 8 дугаар сарын 16,17-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор "2000 цааны баяр"-ыг цаатан иргэдийн аж төрдөг тайгад хийнэ. Энэ баяр нь алслагдсан нутгийн иргэдээ олон нийтэд сурталчлах, цаан сүргийг өсгөн үржүүлэх, цаачин иргэдийн хийж бүтээсэн ажлыг олон нийтэд алдаршуулах, аялал жуулчлалын бүс нутгийн хувьд тодорхой эвент арга хэмжээ болгох зорилготой юм. Мөн цаатан иргэдийнхээ ахуй амьдралыг дэмжих, тэдний үр хүүхэд хамгаалал дээр тодорхой ажлуудыг зохион байгуулж хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тус баярт ОХУ, Норвеги, Дэлхийн цаачдын холбооны төлөөлөгчид ирж оролцохоос гадна өөр улс оронд амьдарч байгаа Тува иргэдийн ах дүү, төрөл садан хүрэлцэн ирж, ах дүү нарын уулзалт, Цаачдын баяр болохоороо онцлог юм.
 
-Сүүлийн үед Могойн голын уурхайгаас хулгайгаар нүүрс тээвэрлэж байна гэсэн асуудал яригдах боллоо. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч байна ?
 
-Бид энэ мэдээллийн дагуу арга хэмжээ авч хууль хяналтын байгууллагад тодорхой үүрэг чиглэл өгсөний дагуу хэрэг, мөрдөн байцаалтын ажлыг явуулж байна. Хууль хяналтын байгууллагаас хулгайгаар нүүрс тээвэрлэсэн нь нотлогдвол холбогдсон бүх хүмүүст хуулийн хүрээнд хариуцлага тооцох болно. Одоогоор хууль хяналтын байгууллага шалгаж байгаа учраас өөр мэдээлэл өгөх боломжгүй байна.
 
-Та “Хөвсгөл аймаг Уул уурхайгүй аймаг болно” гэж хэлж байсан. Үүний хэрэгжилт хэр байна вэ?
 
-Миний хувьд байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлж, хүндээ ээлтэй орон нутаг болох зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Энэхүү гаргасан бодлого зорилтоо 100 хувь тууштай хэрэгжүүлэн ажиллана. Үүнийг мушгин гуйвуулах, өөрчлөх байдал хэзээ ч байхгүй гэдгийг онцлон тэмдэглэн хэлье. Аймаг өөрөө уул уурхайгүй аймаг байх бодлого зорилтын хэрэгжилтийг батлан хангаж, хяналтыг бүрэн тавьж ажиллаж байна. Цаашид ч Хөвсгөл аймагт уул уурхай бус аялал жуулчлал хөгжсөн Монгол Улсын аялал жуулчлалын тулгуур төв болгохын төлөө Хөвсгөлчүүд бид хамтран ажиллах болно.
 
- Сонирхсон асуултад дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн танд баярлалаа.
 
-Хөвсгөл аймгийн тухай бодит мэдээллийг баталгаат эх сурвалжаас цаг алдалгүй шуурхай, хүргэж байдаг khuvsguliinungu.mn сайтын хамт олонд баярлалаа. Дэлгэр цаг ирж буй учраас нийт уншигчдад хандан Хөвсгөл нутгаар аялж бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтийг ирж үзээрэй. Газрын цэнхэр нүдэн Хөвсгөл нутгийн зон олон хүндэтгэлтэйгээр угтан авах болно гэж хэлмээр байна. Баярлалаа.
Б.Гантуяа 


Л.Ганболд: Хөвсгөл аймгийг Монгол Улсын аялал жуулчлалын тулгуур төв болгоно

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 7
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-02-18 18:19:26
    Зочин: Айспир майнинг гэх компани эрдэнэт овоотын төмөр замыг тавихын тулд гёологочдоор малчдыг хулхидаж төмөр зам тавихыг санаархсан тэгвэл тэзү яаж үнэн гарах яум бэ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-06-20 05:34:58
    ???: Энэ даргын үед Могойн голын нүүрсийг хятад руу зөөгөөд . Эрдмийн нуруунд уурхайн компани ороод бөөн асуудал болж байгааз дээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-06-18 11:02:56
    ?????: Аль эртний л тулгуур төв болсон байх аа ЗДТГ-ын байшингийн орой дээр бичээстэй байдаг байх аа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-06-15 12:52:15
    oyundalai: saihan medeelel baina.aimgiin zasag darda bolon niit hubsgulchuud hamtran ayalal, juulchlalaa hugjuulbel uzesgelent saihan hubsgul nutgiin ungu turh ulam gerelteh biz dee.amjilt, sain, saihaniig husye.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-06-15 12:51:28
    Зочин: saihan medeelel baina.aimgiin zasag darda bolon niit hubsgulchuud hamtran ayalal, juulchlalaa hugjuulbel uzesgelent saihan hubsgul nutgiin ungu turh ulam gerelteh biz dee.amjilt, sain, saihaniig husye.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-06-15 07:47:27
    Зочин: Aspair mainingiin talaar yamar nodlogo barij baigsagaa darga, setguulch 2 todorhoi bolgooch
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-06-14 20:41:02
    Bumaa: Daichin hvn Dee manai darga tand amjilt hvsi