ХӨВСГӨЛ АЙМАГТ ТАРИАЛАЛТ 70 ГАРУЙ ХУВЬТАЙ БАЙНА
2018-05-26 21:38:43, 641
Хөвсгөл аймаг хамгийн их хүн амтай боловч сүүлийн жилүүдэд орон нутгийн хэрэглээгээ бүрэн хангах хэмжээний улаан буудайг Хөвсгөлийн тариаланчид тарьж ургуулж байна. Харин өнгөрсөн жил гандуу байсны улмаас нийт ургацынхаа  40 орчим хувийг хураан авсан. Энэ жилийн хувьд тариалалт эрт эхэлсэн,  ахиу хэмжээний ургац хураан авахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ тухай Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Газар тариалан хариуцсан мэргэжилтэн М.Батбаяраас тодрууллаа.
-Хөвсгөл аймагт тариалалт энэ жил хамгийн эрт эхэлсэн. Өнөөдрийн байдлаар хэдэн хувьтай байна ?
-Тиймээ жил бүр манай Хөвсгөлийн тариалнчид хамгийн түрүүн тариалалтанд гардаг. Энэ жилийн хувьд ч 4 сарын 25-нд Эрдэнэбулган суманд тариалалт эхэлсэн. Энэ онд манай аймагт 16 мянга 500 га-д үр тариалах төлөвлөгөөтэй байна. Өнөөдрийн байдлаар 12 мянга гаран га-д тариалалт хийсэн Эрдэнэбулган, Рашаант суманд тариалалт дуусах дөхөж байна. Аймгийн хэмжээнд үр тарианы тариалалт 70 гаруй хувьтай байгаа.  Төмс хүнсний ногооны тариалалт ид явагдаж байна.  
-Өнгөрсөн намар ургацыг төлөвлөсөн хэмжээнд авч чадаагүй. Энэ нь юутай холбоотой байв ?
-
Хөвсгөл аймаг сүүдийн жилүүдэд орон нутгийн гурилын хэрэглээг бүрэн хангах улаан буудай хураан авдаг байсан. Харин өнгөрсөн зун нийт нутгаар гандуу хур бороо бага  байсан учраас тариаланчид 11441 га талбайгаас 7200 тн үр тариа хураан авч орон нутгийн гурилын хэрэгцээг бүрэн хангах улаан буудай хураан авч чадаагүй. Харин энэ жилийн хувьд цаг агаар тогтуун хур их байвал төлөвлөсөн ургацаа хураан  авч орон нутагтаа гурилын хэрэглээг бүрэн хангах улаан буудай хураана авах зорилт тавин ажиллаж байна.
-Аймгийн хэмжээнд газар тариалангийн салбарт хичнээн хүн ажиллаж байна ?
-
Манай аймагт үр тарианы үйлдвэрлэл эрхэлж байгаа 60 гаруй аж ахуйн нэгж байгууллага, иргэн байна. Төмс хүнсний ногооны хувьд бүх суманд тариалалт хийдэг боловч өндөр уулын бүсэд байрладаг Дархадын сумууд, баруун талын сумуудад зарим төрлийн ногоо боловсорч гүйцэх боломжгүй хавар орой дулаарч намар эрт хүйтэрдэг нь нөлөөлдөг тул ихэвчлэн зүүн бүсийн сумдад хүнсний ногоог идэвхтэй тариалж байгаа 2000 гаруй иргэн, аж ахуйн нэгж байна.
-Газар тариалан эрхэлдэг иргэдийн зөвлөлгөөн боллоо. Тулгамдаж буй ямар асуудлууд яригдав ?
 -Бид үр тарианы үйлдвэр эрхэлдэг аж ахуйн нэгжүүдээ оролцуулсан зөвлөлгөөнийг зохион байгуулж тэдний өмнө тулгамдаж буй асуудал цаашид авах шаардлагатай байгаа асуудлуудыг авч хэлэлцлээ. Энэ үеэр  “Тариалангийн бүс нутгийг тогтоох, тариаланч, малчин нарын хоорондын харилцааг зохицуулах журамтай болох, ирэх онд тэмдэглэх Атрын 6н жилийн ойг угтаж хийх ажлыг төлөвлөх”  зэрэг асуудлуудыг авч хэлэлцлээ. Зарим үед тариалангийн талбайд мал орж малчин тариаланч хоёрын дунд зөрчил гарах тохиолдол их гарч байна. Иймээс зарим тариаланчид энэ жилээс эхлэн талбайгаа хашиж эхлэх хүртэл арга хэмжээ авахаар болсон.

-Тариаланчдын өмнө тулгамддаг асуудал бол үр, шатахуун байдаг. Энэ жил тариаланчид үр болон шатахууны асуудлаа хэрхэн зохицуулсан бэ ?

-Манай аж ахуйн нэгжүүд шаардлагатай үр, шатахуун, ургамал хамгаалалын бодисын захиалгыг бидэнд ирүүлж Хүнс хөдөө аж ахуйн яаманд хүргүүлж шаардлагатай үрээ авсан. Шатахууныг тариалан эрхлэлтийг дэмжих сантай гэрээ хийж аваад тариалалтаа хийж байна. Өнөөдрийн байдлаар тариалалтын үед ямар нэгэн гарсан хүндрэл бэрхшээл байхгүй тариалалт ид явагдаж байна.
 
Б.Гантуяа


ХӨВСГӨЛ АЙМАГТ ТАРИАЛАЛТ 70 ГАРУЙ ХУВЬТАЙ БАЙНА

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0