Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтсээс “Амьдрах орчноо сайжруулж ахмад настнаа дэмжих” нэрлэсэн жилийн хүрээнд Мөрөн сумын иргэн С.Нарангэрэл болон түүний өнчин 3 зээд туслах “Нэг мянга нэг гэр бүлийн аз жаргал” сайн үйлсийн аяныг өрнүүллээ. С.Нарангэрэлийн охин өнгөрсөн 5 сард хүнд өвчний улмаас бурхан болж 3 хүүхэд нь үлджээ.
Тэд өөрийн гэсэн гэр оронгүй бөгөөд түр сууж байсан гэрээ эзэнд нь буцаан өгснөөр орох оронгүй болжээ. Хүйтний ам наашилж байгаа энэ үед тулж түших ах дүүгүй 3 өнчин хүүхэдтэйгээ айлаар хоног төөрүүлж байгаа тул Статистикийн хэлтсийн хамт олон туслахаар шийдэж сайн үйлсийн аяныг өрнүүлжээ. “Аяны хүрээнд төрийн албан хаагч бүр доод тал нь 1000 төгрөг хандивлахыг уриалж байгаа бөгөөд аянд хоймор нутгийнхан идэвхтэй оролцож байна. Бид эдгээр хүмүүсийг орох оронтой сэтгэл дулаан өвөлжүүлэхийг зорьж байна” гэдгийг Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтсийн дарга Б.Базардамбуу хэлж байлаа.
Б.Гантуяа
Статистикийн хэлтсээс “Нэг мянга нэг гэр бүлийн аз жаргал” сайн үйлсийн аяныг өрнүүллээ |
|
Сэтгэгдэл бичих