Хөвсгөл аймгийн Ойн нөхөрлөлүүдийн холбооноос Монголын Эмэгтэйчүүдийн сантай хамтран “Ус хэмнэлт, зөв ашиглалт” төслийг хэрэгжүүлж байна.
Төсөлд мод тарьдаг хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай, өрх толгойлсон эмэгтэйчүүдийг хамруулж бороо, цасны усыг хэрхэн ашиглах, усны хаялга хийх талаар мэдээлэл, зөвлөгөө өгч ус тосох савыг нь олгох юм байна.
Төслийн хүрээнд “Усыг хэрхэн хэмнэж зөв ашиглах” талаар иргэдэд мэдээлэл өглөө.
Хөвсгөл аймгийн Ойн нөхөрлөлүүдийн холбооны тэргүүн Д.Пүрэвдаш “Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөн өрнөж иргэн, аж ахуйн нэгж байгууллага бүр нэгдэж байна.
Модыг тарьсан ч арчлан тордож, усалж ургуулах нь чухал байгаа юм. Иймээс усны асуудлыг зөв шийдэх хэрэгтэй байна. Усыг зөв ашиглах арга барилд ирээдүй хойч үедээ зөв дадал хэвшил бий болгох нь чухал юм.
Бид хаягдал усыг дахин ашиглаж сурснаар гүний усаа хэмнэж, үерийг багасгана. Бороо цасны усыг ашиглах нь хамгийн үр дүнтэй, усны найрлага талаасаа ургамалд хамгийн хэрэгцээтэй эрдэс минералтай зөөлөн ус байдаг.
Саарал усыг мод услахад ашиглана гэсэн дүгнэлт гараагүй. Модоо услахын тулд худаг гаргахыг зогсоох хэрэгтэй.
Хэдий олон худаг гаргана гүний усны нөөц хомсдож байдаг. Иймээс айл өрхүүд, аж ахуйн нэгж байгууллага бүр байшин, байрандаа усны хаялга хийж бороо, цасны үнэгүй усыг ашиглая, усаа хэмнэе, усаа дахин ашиглая, усны хомсдолд орохгүй байхын төлөө өнөөдрөөс дадал зуршлаа өөрчлөх цаг нь болсон” гэдгийг онцолж байлаа.
Б.Ганаа
Д.Пүрэвдаш: Иргэд бороо, цасны үнэгүй усыг ашиглаж сурах хэрэгтэй байна |
Сэтгэгдэл бичих