Хөвсгөл нутгийг зорьж буй иргэдийг хоггүй аялахыг уриаллаа
2022-11-07 18:04:34, 433
  Хөвсгөл аймаг 2023 оныг  “Хөвсгөлд зочлох жил” болгон зарлаж ногоон хөгжлийг дэмжих, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллах эрхийг хангаж, орчны бохирдлыг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлыг шат дараатай хэрэгжүүлж байна.
Орчны бохирдол, хог хаягдлын асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх, ирж буй аялагч, жуулчдад хоггүй аялах уриалгыг хүргэх, хандлагыг бий болгох зорилтын хүрээнд “Хоггүй Хөвсгөл” аймгийн хог хаягдлын зөвлөгөөнийг зохион байгуулж Хөвсгөлд ирж буй хэн бүхнийг хоггүй аялахыг уриаллаа.
Энэ үеэр тус аймагт хэрэгжиж буй Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн хүрээнд орон нутагт анх удаа хийгдэж буй стандарт ландфилл, цэвэрлэх байгууламж болон Ханх сум, Хатгал тосгоны хог хаягдлын менежментийг сайжруулах цогц ажлыг бусад сумын иргэд, төрийн албан хаагчдын төлөөлөлд танилцуулав.
Тус аймаг нь 23 сум, 1 тосгонтой 136,794 хүн амтай, хүн амын 33 хувь нь аймгийн төвдөө оршин суудаг. Хүн амын төвлөрөл, суурьшил, өрхийн хэрэглээ, худалдаа, үйлдвэрлэл,  үйлчилгээний хөгжлийг дагаад хог хаягдлын хэмжээ жил бүр нэмэгдэж, бүтцийн хувьд эрс өөрчлөгдөж, байгальд шингэж задардаггүй хаягдлууд хогны дийлэнх хувийг эзэлж байна.Хөвсгөл аймаг эко аялал жуулчлалыг хөгжүүлэх бүс нутгийн хувьд хог хаягдлын менежментийг сайжруулах зайлшгүй шаардлага тулгарч байгаа ба аялал жуулчлалын улиралд Хөвсгөл нуур орчимд ачаалал үүсэж, эзэнгүй хог хаягдал үүсэх, хогийн цэгт замбараагүй асгаснаас талбай нь нэмэгдэж, орчин тойрондоо тарж бохирдуулж асуудал үүсдэг. Тухайлбал, Хөвсгөл нуурт жилд 80-90 мянган гадаад, дотоодын жуулчид ирдгээс 90 хувь нь дотоодын жуулчид байдаг. Иймээс амарч, аялахаар ирж буй хэн бүхнийг хоггүй аялахыг уриаллаа.
 
Б.Гантуяа 
 
 
 


Хөвсгөл нутгийг зорьж буй иргэдийг хоггүй аялахыг уриаллаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0