Хөвсгөл аймгийн нутгаар урсах томоохон гол мөрнүүдийн мөсний зузаан өмнөх 10 хоногоос 5-25 см-ээр нэмэгдсэн байна. Цаг уурын байгууллагын мэдээлснээр Хөвсгөл нуурын мөсний зузаан Хатгал тосгон болон Ханх сум орчимд 60-65 см байгаа нь энэ үеийн олон жилийн дундаж зузаанаас 10-15 см-ээр бага байна. Нуурын зарим хэсгүүдэд буюу Хатгалаас Жанхай орох замд Живаагийн хил, Мэргэний үзүүрээс цааш 1 км орчимд хар хил гарсан байна. Хангайн нуруу болон Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Идэр, Бэлтэс зэрэг голуудын ажиглалт хийдэг хэсэгт халиа тошин гүйсний улмаас мөс зузаарч мөсний зузаан 105-135 см болсон бөгөөд нийт уртын дагууд харилцан адилгүй зузаантай байна.
Сэлэнгэ мөрөнд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл баг орчимд зайр хахаж гол хадаалсны улмаас овоорсон мөс бүхий мөсөн бүрхүүл тогтсон бөгөөд мөсний зузаан 55 см болсон нь олон жилийн дунджаас 5 см-ээр ахиу байна. Мөн зарим газраар харзтай болжээ.
Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Шишгэд, Бүгсий, Эг зэрэг томоохон голуудын мөсний зузаан 20-110 см болсон бөгөөд энэ үеийн олон жилийн дунджийн орчим байна. Томоохон гол мөрнүүдийн мөсний зузаан нэмэгдэж байгаа хэдий ч нийт уртын дагууд харилцан адилгүй мөсний үзэгдэл ажиглагдаж байгаа тул нийт ард иргэд болон малчид, тээвэрчид амралт зугаалгаар явахдаа цаг хожих, зам дөтлөх зорилгоор гол мөрөн, нуурын мөсөн дээгүүр явахгүй байхыг онцгойлон анхааруулж, баталгаат зам гүүр, гармаар зорчихыг Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас зөвлөж байна.
Б.Алтантуяа
Гол мөрнүүдийн мөсний зузаан 5-25 см-ээр нэмэгджээ |
Сэтгэгдэл бичих