Сүүлийн үед цаг агаар дулаарч цас хайлж гол мөрнүүдийн усны түвшин нэмэгдсээр байна. Өнөөдрийн байдлаар Дэлгэрмөрөн гол эргээ халин Мөрөн хот орчимд үерийн аюултай түвшинд хүрчээ. Гол эргээ халих үеийг үерийн аюултай түвшин гэдэг аж. Хөвсгөлийн уулс болон Хангайн нуруунаас усжих Дэлгэрмөрөн, Сэлэнгэ, Гуна, Үүр зэрэг томоохон гол мөрнүүдийн усны түвшин өмнөх өдрөөс 5–15 см-ээр нэмэгджээ. Дэлгэрмөрөн, Гуна голууд үерийн түвшинг 25-70 см-ээр даван хүчтэй үерлэж байна. Сэлэнгэ, Үүр, Идэр голуудын усны түвшин олон жилийн дунджаас 40 – 130 см-ээр ахиу байна.
Иймээс дээрх томоохон гол мөрнүүдийн сав дагуу нутаглаж байгаа ард иргэд, малчид үерийн далан, борооны ус зайлуулах суваг, шуудууг цэвэрлэх,нурсан эрэг дагуу мал бэлчээрлүүлэхгүй, бага насны хүүхдүүдээ тоглуулахгүй байх, байнгын хараа хяналт тавих, баталгаатай зам гүүрээр зорчихыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.
Б.Ганаа
Дэлгэрмөрөн гол эргээ халин Мөрөн хот орчимд үерийн аюултай түвшинд байна |
|