ЦЭЭЖ БОДОЛТЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД ХӨВСГӨЛ АЙМГААС ТОДОРЧЭЭ
2018-06-04 15:52:08, 840
 Монголын Оюун Ухааны Академийн нэрэмжит “Human Calculator-2018” цээж бодолтын 5 дахь удаагийн тэмцээний сүүлийн шатны шалгаруулалт 2018 оны 3 сарын 26-ны өдөр амжилттай явагдсан байна. Тус тэмцээнд урьдчилсан шатанд өрсөлдсөн Улаанбаатар хот болон Дархан-Уул, Хөвсгөл, Сэлэнгэ, Орхон аймгийн 500 гаруй сурагчдаас шалгарсан шилдэг 80 тамирчин “8-аас доош нас” болон “9-12 нас” гэсэн хоёр насны ангилалд “10 оронтой 10 тооны нийлбэр”, “8 оронтой 2 тооны үржвэр”, “Хүн хуанли” болон “Флаш анзан” төрлүүдээр өрсөлдөж шилдгийн шилдгүүдээ тодруулсан юм. Өнгөрсөн жилүүдэд тамирчид зөвхөн “Флаш Анзан” буюу маш богино хугацааны давтамжтай дэлгэцэн дээр гарч ирсэн олон тооны нийлбэрийг алдаагүй бодох чадвараараа өрсөлддөг байсан бол энэ удаа олон улсын тэмцээний стандарт бусад төрлүүдийг нэмж оруулснаараа онцлог байлаа. Эдгээр төрлүүд нь “Флаш Анзан” төрөлтэй адил оноог маш хатуу дүгнэдэг билээ. Тухайлбал “8 оронтой хоёр тооны үржвэр” төрөл нь өгөгдсөн хугацаанд аль болох олон бодлогыг цээжээр алдаагүй бодох ёстой ба нэг бодлогын хариу болох 15, 16 орон тоог бичихдээ нэг л цифр буруу бичихэд тухайн бодлого дээр оноо авах боломжгүй болох тул хүүхдүүд анхаарлаа дээд зэргээр төвлөрүүлж зөв тооцоолол хийх шаардлагатай болдог юм байна. Энэ удаагийн тэмцээний үнэмлэхүй аваргаар “8-аас доош нас”-ны ангилалд өрсөлдөн алтан медаль хүртсэн Эрдмийн далай цогцолбор сургуулийн  2-р ангийн сурагч Б.Хонгорзул нь цээж бодолтоор 8 сар тууштай хичээллэн өнгөрсөн жилийн аваргуудыг ялж тэргүүллээ. Мөн гайхалтай амжилт гаргасан Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн 2-р ангийн сурагч М.Буянжаргал 1-р байр алтан медаль, Эрдмийн далай цогцолбор сургуулийн  2-р ангийн сурагч Ч.Энхбаатар тусгай байр тус тус байр эзэлсэн бол 9-12 насны ангилалд Эрдмийн далай цогцолбор сургуулийн  3-р ангийн сурагч Э.Бумдарь мөнгөн медаль, Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн  6-р ангийн сурагч М.Гунгаадорж хүрэл медаль, Титэм сургуулийн 5-р ангийн сурагч Л.Оюунмаа тусгай байр хүртсэн амжилтыг үзүүлсэн байна. Оюун ухааны тамирчдыг Хөвсгөл Оюун ухааны академийн багш М.Эрдэнэсувд, Ц.Өлзийсайхан нар амжилттай бэлтгэсэн байна.
Б.Амирлан
 


ЦЭЭЖ БОДОЛТЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД ХӨВСГӨЛ АЙМГААС ТОДОРЧЭЭ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0