УУШИГИЙН ӨВРИЙН БУГАН ХӨШӨӨНИЙ ЦОГЦОЛБОРЫГ ДЭЛХИЙН СОЁЛЫН ӨВД НЭР ДЭВШҮҮЛНЭ
2018-05-26 22:22:19, 1185

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Уушигийн өвөрийн Буган хөшөө бүхий цогцолбор дурсгалт газрыг БСШУСЯ, ЮНЕСКО-ийн МҮК, Байгаль соёлын өвийг хамгаалах сан төрийн бус байгууллага, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн Хөвсгөл аймагтай хамтран Дэлхийн соёлын өвд бүртгүүлэх урьдчилсан судалгааны ажлыг хийж байна.
Тус ажлын хүрээнд дурсгалт газрыг эзэмшигч, түүний хуулийн статус, тухайн газрын хадгалалт хамгаалалтын өнөөгийн байдал, хүрээлэн буй орчны нөлөө, тухайн дурсгалт газарт аялал жуулчлал хөгжүүлж байгаа байдал, аялал жуулчлалын зориулалттай барилга байгууламж, жуулчны бааз байгаа эсэх, жуулчдын тоо, урсгал, эерэг сөрөг нөлөө хэр зэрэг байгаа жилд хичнээн хүн ирж үзэж сонирхдог талаарх судалгааг хийж байгаа гэнэ. Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотоос баруун зүгт 18 км зайд Бүрэнтогтох сумын нутаг Улаан Уушиг уулын өвөрт буган хөшөө болон хиргисүүрийн тахилгын байгууламжийн томоохон цогцолбор орших бөгөөд нэг дор 30 орчим буган хөшөө бий. Эдгээр хөшөө нь хойноосоо урагш цуварсан байрлалтай ба тэдгээрийн эргэн тойронд битүү болон цагариган хэлбэрийн чулуун дарааст олон тахилгын байгууламжуудтай. Энэхүү дурсгал нь Евразийн буган чулуун хөшөөт цогцолбор дурсгалуудын хамгийн олон хөшөөтэй нь бөгөөд хиргисүүр, буган хөшөөний соёлыг тээгч эртний ард түмний судалгаанд онцгой байр суурийг эзэлдэг. Эндхийн буган хөшөөд Монгол-Өвөр Байгалийн хэлбэр буюу бугын загварчилсан дүрст хөшөөний төрөлд хамаарна.Хөшөөдийн хамгийн намхан нь 133 см, хамгийн өндөр нь 375 см хэмжээтэй ба хөшөөдийг цайвар саарал, улаан хүрэн, хөх саарал өнгийн боржингоор хийжээ. Хөшөөний сийлбэр харилцан адилгүй хадгалагдсан. Эдгээр хөшөөнүүдийн дотроос хүний нүүр дүрсэлсэн хөшөө хамгийн онцгой нь юм. Уг хөшөөний нэг нарийн талын дээд хэсэгт хүний нүүр, нүд, хөмсөг, хамар, ам, чих зэргийг уран нарийн сийлж, чихэнд нь ээмэг зүүснээр дүрсэлжээ. Хүний нүүрний доод талд хүзүүний зүүлт, түүний доор том жижиг 14 бугыг хөшөөг эргэн ороосон байдалтайгаар дүрслэхдээ тэдний завсар зайнд нь таван талт хэлбэртэй бамбай, толь зэргийг багтааж, харин бүсний доод талд 14 бугыг дээшээ тэнгэр өөд тэмүүлсэн байдалтайгаар сийлжээ. Бүс нь ханан хээ чимэглэлтэй бөгөөд түүнээс байлдааны зээтүү, чичлүүр хутга, дэгээ, билүү, саадаг зэргийг зүүснээр сийлсэн байдаг ажээ.Энэхүү дурсгалт газруудыг Дэлхийн өвд бүртгүүлбэл Монгол Улс, Монголын өв соёлыг дэлхийд сурталчлан алдаршуулах, дэлхийн хамтын нийгэмлэг, олон улсын байгууллагуудын хамтын хүчин чармайлтаар хадгалан хамгаалах, Дэлхийн өвийн мэдээллийн сүлжээнд байршуулж, олон улсын жуулчдын анхаарал, сонирхлыг татах ач холбогдолтой ажээ.

Б.Гантуяа 
 

 



УУШИГИЙН ӨВРИЙН БУГАН ХӨШӨӨНИЙ ЦОГЦОЛБОРЫГ ДЭЛХИЙН СОЁЛЫН ӨВД НЭР ДЭВШҮҮЛНЭ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0