Сайн байна уу
Энэхүү захиа очих мөчийн халуун мэндийг хүргэе. Манайх Алаг-Эрдэнэ сумын 2 багт амьдардаг. Ам бүл тавуулаа. Намайг Н.Мягмардорж гэдэг. Миний аавыг Наранхүү, ээжийг Аззаяа, ахыг Баярням, дүүг Отгонбаатар гэдэг. Манайх хөдөө амьдардаг болохоор жилийн дөрвөн улиралдаа нүүдэллэн малаа маллан аж төрдөг. Манайх хавартаа хурга, ишиг, тугал, унага гээд төл мал бойжуулдаг. Дүү бид хоёр сургуулийнхаа амралтаараа их тус болдог. Жишээ нь өглөөний нартай уралдан босч илүү гэртээ хурга ишгээ эхэд нь нийлүүлдэг.Мөн хонинд явж хургаа хариулж тугалаа авчирдаг. Бид зуны амралтаараа хөдөө гардаг. Өглөө бүр ээждээ тугалыг нь татаж өгдөг. Бас ааруул, аарц бяслаг гэх мэт цагаан идээ авна. Намартаа бид бүгдээрээ хадландаа явдаг. Өвөлдөө гэр бүлээрээ золголт хийж айлуудаар явдаг. Харин сургууль хичээллэж байх үед ах дүү бид 3 сургуульдаа явж аав ээж минь малаа маллан үлддэг. Дүү бид хоёр гэрээ санахгүй ахындаа сайн байгаад,сайн сураад эрдэм мэдлэгтэй хүн болно гэж дандаа ярьдаг.Яагаад гэвэл аав ээж хоёр минь бидний төлөө өдөр бүр малаа маллаж зогсолтгүй хөдөлмөрлөж байгаа шүү дээ. Аав ээж ахтайгаа гэр бүлээрээ байх хамгийн жаргалтай. Хамгийн дурсамжтай хөгжилтэй түүхүүд хөдөө гэрт минь аав ээжийнхээ хажууд өнгөрдөг. Энэ өнгөрсөн хавар дүү бид хоёрт хөгжилтэй түүх тохиолдсоныг та бүхэндээ сонирхуулья.
Энэ жил манай хонь дандаа ихэрлэж зөндөө олон ихэр хургатай болсон. Надад бүх л хурга ижилхэн, адилхан санагдаж дүү бид хоёр андуурч байлаа. Нэг орой бид хонь хургаа тавьж байв. Дүү бид хоёр хургаа зөөж эхэд нь өгч ээжээс эхийг нь лавлан асууж байлаа. Тэгтэл нэг хурганы ээж сувай хоньтой явсаныг би мэдэлгүй өөр хонинд хөхүүлэх гэсэн боловч уурлаад хөхүүлээгүй болохоор ийш тийшээ харж майлаад их өрөвдөлтэй харагдаж байв. Тэгээд ээжээсээ яагаад ээжийг нь үлдээхгүй хоньтой явуулчихваа гэж лавласан. Ээж хариуд нь миний хүү ээж нь шимтэй хөрснөөс дуртай ногоогоо идээд дэлэн дүүрэн сүүтэй ирж хургандаа өгдөг юм байхгүй юу гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа аав хонио авчирч нөгөө хурганы ээж май май гэсэн сөөнгө хоолойгоор майлсаар ирэв. Дүү бид 2 уралдан хургыг нь гаргаж өгөв. Тэгтэл хурга сүүлээ хөдөлгөн гүд гүд хийтэл залгилж байлаа. Энэ мөч их сайхан байсан. Ээж, аав минь хүүхдүүддээ хайртай шиг тэр хонь хургандаа их хайртай болохыг ойлгосон.
Аав ээж минь бидний төлөө малаа сайн сайн маллаж юугаар ч дутахааргүй сайхан байлгадаг болохоор аав ээждээ баярладаг гэдгээ энэ дашрамд хэлье. Миний гэр бүлийн аз жаргал хамтдаа байхдаа оршдог гэж би боддог учраас энэ дэлхийн бүх хүүхдүүд элэг бүтэн энх тунх сайхан амьдарч ээж аавтайгаа сайхан дурсамжуудыг сэтгэлдээ бүтээгээсэй гэж хүсч байна.
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын ЕБС-ийн 4а ангийн сурагч Н.Мягмардорж
Хурга сүүлээ хөдөлгөн гүд гүд хийтэл сүүгээ залгилж байлаа |
|
Сэтгэгдэл бичих